Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийн дагуу жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаргийг “Үндэсний бичиг соёлын өдөр” болгон тэмдэглэдэг болсон. Тус арга хэмжээний хүрээнд Төрийн хошой шагналт, Ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд залж, нээлээ.
Түүний уран бүтээл бүрийг тоочих боломжгүй авч монгол хэлний дүрмийг үндэслэгч, “Монголын нууц товчоо”-г кирилл бичигт буулгасан, Төрийн дууллын зохиолч гэдгээр нь монголчууд мэднэ.
Ц.Дамдинсүрэнгийн охин Анна Цендина 2015 онд УИХ-ын гишүүн, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгад захидал илгээн, аавынхаа хөшөөг бүтээлгэх хүсэлт илгээн, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид дэмжсэнээр ийнхүү биелэлээ оллоо.
Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 111 жилийн ойгоор сүндэрлэсэн уг хөшөөний өндөр 3.5 метр бөгөөд хүрлээр цутгажээ. Мөн ойр орчмын 362 ам метр талбайг тохижуулсан байна. Хөшөөг нийслэлчүүдийн хөрөнгөөр, уран барималч А.Очирболдын зургийн дагуу барьжээ. Хөшөөний нээлтэд төр, засгийнхны төлөөлөл, эрдэмтэн судлаачид, яруу найрагчид, Дорнод аймгийн Матад сумын нутгийн зөвлөлийнхөн оролцлоо.
Д.Мөнгөншагай