
Өнөөдөр гадаа 21 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
5 дугаар сарын 09-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 129 дахь өдөр бөгөөд он дуусахад 236 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 21 хэмийн дулаан бол шөнөдөө 5 градус дулаан байх нь ээ.
- Билгийн тооллын 5, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2646.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.20, юань 390.30, вон 2.27 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- ХНХЯ, "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран мэдээллийн хүртээмжийн семинарыг Холидэй-Инн зочид буудлын 19 давхарт 09.00-17.00 цагт зохион байгуулна.
- 09.00 цагаас МУИС-ийн Эрдмийн танхимд Улсын химийн 30-р олимпиадын нээлт болно.
- “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” уриан дор 2019 онд Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нэгдсэн арга хэмжээ ЭМЯ, УХТЭ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр 09.00 ЦАГТ “Чингис хаан” зочид буудлын "ХААН" танхимд болно.
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран “Эрүүл иргэн” аян, “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дүүргийн дэд хөтөлбөр”-ийн нээлтийн арга хэмжээг 11.00 цагт “Соёмбо” кино театрын урд талбайд зохион байгуулна.
- 11.00 цагт Мандхай зочид буудлын хашааг татуулж, явган хүний зам гаргуулна.
- 11.30 цагт Хуучнаар ОД кино театрын урд талын тоосгон гараашуудыг нураалгаж, газрыг чөлөөлүүлнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Европын холбооны өдөр тохиож байна.
- Мөн Ялалтын баярын өдөр юм.
- 2018 онд Малайз улс 1957 онд тусгаар тогтносноос хойш Засгийн эрхийг атгаж байсан Барисаны Үндэсний нэгдэл нам ялагдал хүлээж олонхийн суудлаа алдав.
- 2015 онд ОХУ Аугаа эх орны дайны ялалтын 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэв. Ялалтын баярын парадад дэлхийн 10 улсын төрийн тэргүүн, 1300 цэргийн алба хаагч, ОХУ-ын армийн 500 мянган цэрэг оролцсон байна. Ялалтын баярын парадыг Орос орон даяар 12 сая хүн үзэж сонирхжээ.
- 1979 онд Иран улсын бизнесмен еврей гаралтай Хабиб Элганианыг олон нийтийг улс орноосоо урвахыг өдөөн турхирсан хэргээр Тегран хотноо цаазаар авчээ. Тэрээр Иран улсад амьдардаг 100 мянга гаруй еврей иргэдийг Израйль улс руу дүрвэн гарахыг уриалж байсан нэгэн юм.
- 1970 онд Вьетнамын дайн: АНУ-ын "Цагаан ордон"-ы гадаа дайныг эсэргүүцсэн 75-100 мянган хүний жагсаал болжээ.
- 1964 онд Бүгд найрамдах Вьетнам улсын анхны Ерөнхийлөгч Нго Дин Диемийн дүү Нго Дин Чаныг цаазаар авчээ. Ингэснээр түүний гэр бүлийнхэн дахиж Вьетнамын улстөрд гараагүй билээ.