
Япон улсын Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах XXXIYтэмцээний зургаан насны ангилалд нийт 22 хүүхэд оюунаа уралдуулснаас Д.Үйлстөгөлдөр түрүүлж алтан медаль хүртжээ.
Энэ удаагийн тэмцээнд Монголын соробангийн холбооны дэргэдэх "Монгол соробан" сургалтын төвийн 6-13 насны 22 сурагч амжилттай оролцжээ. Тухайлбал, өөрсдийн насныхаа ангилалд Э.Энэрлэн, Т.Тулга, Г.Чинзориг, А.Ану, Э.Ану-Үжин нар II байрт, Г.Нандин-Эрдэнэ, В.Анужин, Б.Анужин, С.Сийлэг, Ш.Урангоо, Б.Энх-Үржин нар III байрт тус тус шалгарсан байна.
Тус тэмцээнд амжилттай оролцсон манай баг 2019 оны долдугаар сарын 30-нд Токио хотноо болох бүх Японы соробангийн аварга шалгаруулах XXXYIII тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Дашрамд дуулгахад, Ибараки муж нь гурван сая хүн амтай бөгөөд оюун ухааны спорт болох соробан сампингаар хичээллэгч хүүхдүүд нь Япондоо дээгүүр байр эзэлдэг байна.