
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БСШУСЯ-ны хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийнхөн ЕБС-ийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, ЭЕШ-д шууд засах технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг /cкантрон/ засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өглөө.
Тус төслийн санхүүжилтээр шалгалтын материалыг шууд засахад хэрэглэх засагч машины ашиглалт болон дагалдах програм хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэгдсэн мэргэжилтэн ирэх сарын 17-20-нд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулах их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой ЭЕШ-д шууд засах ажлыг Боловсролын үнэлгээний төвийн удирдлага дор хариуцан ажиллах юм.
Шууд засах технологи нэвтэрснээр:
1. Шалгуулагчид өөрийн авсан анхны оноогоо шалгалт өгсөн даруйдаа мэдэх боломжтой болно.
2. Шалгалтын үр дүнгээ хүлээн 14 хоног хүлээх шаардлагагүй болно.
3. Нийгэмд шалгалтын засалт, үр дүнгийн талаар үүсдэг таагүй ойлголт, хардлага арилна.
4. Шалгалтын материал засахад зарцуулдаг хүн хүч, хөрөнгө мөнгийг хэмнэх боломжтой болно. Жишээлбэл, Шалгуулагчид авсан оноогоо мэдэхийн тулд шалгалтын төвд дахин ирэх зардал, шалгалтын материалыг засахын тулд шалгалтын чиглэл бүрээр цагдаагийн хамгаалалтын дор 14 хоногоор ажилладаг байсан ажлын хэсгүүдийн зардлыг жил бүр хэмнэнэ.
5. Их, дээд сургуулийн элсэлтийг эрт буюу 6 дугаар сард багтаан зохион байгуулах боломжтой болно.
Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын шууд засах үеэр гарч болох эрсдлийг нарийвчлан тооцоолж, бэлтгэл ажлаа хангаж байгаа аж.