
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас махны үнийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хот дахь махны хангамжинд саатал гарч, үнийн савлагаа үүссэн байдал нь ард иргэдийг бухимдуулсан. Энэ асуудлыг бид судалж, шуурхай зохицуулах арга хэмжээ авч байна. Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Энэ хэрэглээг үндсэн гурван сувгаар хангаж байна.
Нэгдүгээрт, улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүрээр худалдаж байна,
Хоёрдугаарт, “Хүчит шонхор” захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж байна,
Гуравдугаарт, хувийн хэрэглээгээр дамжин иргэдийн махны хэрэглээ хангагдаж байна.
Өнөөдөр улсын нөөцөөс нийтийн худалдаанд зориулан гаргаж байгаа махны хангамж харьцангуй тогтвортой байна. Дөрөвдүгээр сарын 15-наас улсын нөөцийн махыг 127 дэлгүүрээр дамжин борлуулж эхэлсэн. Энэ нь зах зээлийн үнээс 20-25 хувийн хямдралтай үнээр борлогдож буй юм. Цаашдаа бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Мөн бид амралтын өдрүүдээр махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахыг нийслэлийн удирдлагатай ярилцан хамтран зохион байгуулахыг ажиллаж байна.
Сүүлийн өдрүүдэд зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсан. Үүнд цаг агаарын байдал нөлөөлсөн. Амралтын өдрүүдэд хөдөө орон нутгуудад цасан болон бороон шуурга шуурсны улмаас Улаанбаатар хот дахь махны нийлүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлсэн. Нөгөө талаар зохион байгуулалтын шинжтэй нөлөөлөл гарсан. Ялангуяа нийслэлд нийлүүлж байгаа малын махны гарал үүслийн баталгаажилт хангагдаагүйгээс болоод мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар тодорхой хэмжээний мах зах зээлд нийлүүлэгдэх ажил саатсан. Зах зээл рүү нийлүүлдэг махны хангамж 30-50 хувиар тасалдсан явдал нь махны үнэ савлахад нөлөөлсөн. Өнөөдрөөс эхлэн махны нийлүүлэлт нэмэгдэж байгаа.
ХХААХҮЯ-аас тавдугаар сарын 14-ны өдрийн байдлаарх махны үнийг тодорхойлжээ. Тухайбал,
Хонины ястай мах
Хүчит шонхор зах – 8,000-8,500 төгрөг
Нарантуул зах – 9,500 төгрөг
Амгалан зах – 9,000 төгрөг
Фермерүүд зах – 10,000 төгрөг
Жуков худалдааны төв – 10,500 төгрөг
Хонины цул мах
Хүчит шонхор зах – 9,500-10,500 төгрөг
Амгалан зах – 10,500 төгрөг
Жуков худалдааны төв – 10,500 төгрөг
Үхрийн ястай мах
Хүчит шонхор зах – 8,000-9,000 төгрөг
Нарантуул зах – 10,000 төгрөг
Амгалан зах – 12,000 төгрөг
Фермерүүд зах – 12,000 төгрөг
Жуков худалдааны төв – 12,500 төгрөг
19-р хорооллын үйлчилгээний төв – 12,000 төгрөг
Үхрийн цул мах
Хүчит шонхор зах – 10,000-11,500 төгрөг
Нарантуул зах – 12,500 төгрөг
19-р хорооллын үйлчилгээний төв – 13,000 төгрөг
Нөөцийн махны үнэ:
Үхрийн ястай мах 7,200 төгрөг
Хонины ястай мах 6,000 төгрөг
Ямааны ястай мах 5,500 төгрөгийн үнэтэй байна.
Дээрх нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүрээс худалдаалж байна.