
Олон нийтийн сүлжээнд “Зүүнхараа дахь цагдаагийн хэлтсийн алба хаагчид иргэнийг зодож тархины ясыг хугалжээ” гэх мэдээлэл энэ сарын 21-ний өдөр цахим орчинд шуугиан дэгдээсэн билээ. Тэгвэл уг мэдээллийн мөрөөр Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт явуулжээ.
Шалгалтаар, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан шүүгдэгч А нь СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс оргон зайлсан тул цагдаагийн байгууллагаас тухайн этгээдийг эрэн сурвалжилж байжээ.
Улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг явуулснаар Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүгдэгч “А”-г олж тогтоон баривчилсан.
Цагдаагийн байгууллагаас шүүгдэгч А-г эрэн сурвалжилж баривчлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хүлээлгэн өгөхөд түүний биед ил харагдах гэмтэл, шарх, хөхрөлтгүй байжээ. Мөн цахим сайтад тавигдсан гэрэл зурагт тусгагдсан баруун нүдний хавдар нь түүний хуучин бэртэл, гэмтлийн улмаас үүдэлтэй нус нийх үйлдэл хийснээс үүссэн богино хугацааны хавдар байжээ.