
-Ээж нь удахгүй суллагданаа...-
Өнөөдөр ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид эх, үрийн элгээ дэвтээсэн нэгэн үйл явдал боллоо.
Олон улсын эх үрсийн баярыг тохиолдуулан “Эх үрсийн нандин хайр өдөрлөг”-ийг “Улстөрч” хэвлэл мэдээллийн байгууллагын санаачилгаар хорих ял эдэлж байгаа эхчүүдийг энхрий бяцхан үрстэй нь уулзууллаа. Арга хэмжээг ШШГЕГ, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан юм.
Энэ үеэр тэд энгэртээ тэврэх хайртай үртэйгээ хамт байх эрхээ хязгаарлуулсан ч удахгүй очно гэсэн итгэл сэтгэлээ тээн өдөр хоногийг өнгөрөөж байна хэмээн нулимс дуслуулан ярьж байлаа.
Энэ удаагийн өдөрлөгт орон нутагт амьдарч буй хүүхдүүд хүрэлцэн ирснээрээ онцлогтой байв. Ээжтэйгээ уулзахаар ирсэн хүүхдүүдийн хамгийн бага нь гурван настай бол хамгийн том нь 18 нас хүрчээ.
Өнөөдрийн байдлаар тус ангид 200 гаруй эмэгтэй ял эдэлж буй аж. Тэдний зарим нь “наранд” байхдаа үр хүүхдээ гэр бүлийн хүчирхийлэгчээс хамгаалах үедээ хүний амийг хөнөөжээ. Тэд өнөөдөр хүний амийг санаатайгаар хохироосон гэх зүйл ангиар хоригдох ял эдэлж байна.

Хүмүүжигч А: Энэ хорих ангид ял эдэлж байгаа эмэгтэйчүүдийн 10 нь гэр бүлийн хүчирхийллийн золиос болсон хүмүүс байгаа. Шүүхийн байгууллага тус хэрэгтэй холбоотой хүн амины хэргийг шүүхдээ эхнэр, нөхрийн хэн нь хүчирхийлэгч байв гэдгийг судалж байж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй юм шиг санагдсан. Манай улсад тэр талын хуулийн зохицуулалт хэрэгтэй. Хэдийгээр би хүн амины хэргээр хоригдоогүй ч энэ тал дээр их эмзэглэж байна. Бидэнгүйгээр үр хүүдүүд маань эхийн хайрыг мэдэрч, суурь боловсрол эзэмшиж чадахгүй. Хамгийн том хохирогч нь бидний хүүхдүүд байгаа нь харамсалтай хэмээн ярилаа.
Мэдээж эх хүнийг ямар ч сурган хүмүүжүүлэгч орлож чадахгүй. Эцэг нь шороонд, эх нь шоронд байгаа хүүхдүүд бүтэн өнчин шахуу болж хоцорч буй нь туйлын гаслантай.

Тус хориход охинтойгоо уулзаагүй олон жил болсон ээж ч хоригдож байлаа. Түүний охиныг ШШГЕГ-ын албан хаагчид олж өгчээ.
Хүмүүжигч Э: Охиноо дөнгөж нэг настай байхад нь би энд хоригдсон. Эхний хэдэн жил охинтойгоо үе үе уулзаж байсан боловч сүүлийн дөрвөн жилд огт уулзаагүй, бараа сураг нь тасарчихсан байсан. Охиныг маань 407 дугаар ангийн алба хаагчид болон ТББ-ууд олж өглөө. Тэдэнд маш их талархаж байна. Мөн охиныг маань асарч хамгаалсан хүнд маш их баярлалаа гэмээр байна. Бэтгэрсэн сэтгэл минь их тайвширлаа.
Энэ уулзалт нь эх үрсийн нандин хайрыг мэдрүүлж, олон хоног ээжийгээ санасан хүүхдийн сэтгэлийг баясгаж, хүүхэдтэйгээ халуун дотно яриа өрнүүлж, үг сургаалаа хайрлах алтан боломжийг олголоо.