Оксфордын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар ойрын арван жилд дэлхий дээрх нийт мэргэжлийн нэлээд хувийг машин буюу робот орлоно гэсэн үр дүн гарчээ. Мэргэжлийн зах зээлийг огцом өөрчлөх машин гээд байгаа зүйл яг чухамдаа юу вэ, ямар зарчмаар ажилладаг бол, яахаараа хүний бүх үйлдлийг, магадгүй түүнээс ч илүүг хийж чадаад байна гэх мэт олон асуултад хариу өгсөн сонирхолтой тайлбаруудыг “Нэст” ахлах сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирал Б.Габитын илтгэлээс сонслоо.
Өнгөрсөн бямба гарагт “Чингис” зочид буудалд болсон “Нэст” ахлах сургуулийн нээлттэй өдөрлөгийн үеэр Б.Габит “Бид хиймэл оюун ухааны эринд бэлэн үү” сэдвээр илтгэл тавьсан юм. Мэдээллийн технологийн чиглэлээр экспорт хийдэг “Инфинит солюшн” компанийн ТУЗ-ийн даргаар ажилладаг тэрбээр мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны ахлах сургууль болж үүдээ нээж буй “Нэст” ахлах сургуулийн гадаад харилцаа хариуцсан захирлаар ажиллахаар болжээ.
Б.Габит “Робот бол хүний тархины зарчмаар ажилладаг машин. Маш их дата дундаас ойролцоо давхцлыг гаргаж, тэр дундаас ийм таамаглал юм биш биз гэсэн үр дүнг хэлдэг. Америкт хүмүүс гэртээ роботтой болсон. Тэдгээр робот дуу тавих, бэлэн мөнгөний машинаас мөнгө аваад дэлгүүрээс живх авчрах гэх мэт өдөр тутмын амьдралд оролцож байна. 2016 онд робот хүний үгийг 10 хувийн алдаатай ойлгодог байсан бол нэг жилийн дотор таван хувь болж буурсан. БНХАУ-д гэхэд маш олон хүний дата дундаас тодорхой нэг, эсвэл хэсэг хүний дата мэдээллийг олох зорилготой “Face++” төсөл хэрэгжсэн. Нисэх онгоцны буудалд заналхийлэгч байгаа гэх мэдээлэл ирэхэд магадгүй тухайн улс орон хууль, хүчний бүх л бүрэлдэхүүнээ илгээнэ.
Харин энэ төслийн үр дүнд робот нэг секундийн дотор заналхийлэгчийг шууд олох боломжтой. Мэдээллийн технологийн энэ мэт хөгжил хамгийн түрүүнд ажлын байрны өөрчлөлтийг бий болгож байна. “Apple” компанийн нийлүүлэгч БНХАУ-ын компани 2017 онд 60 мянган ажилчнаа роботоор сольсон. Үүнээс харахад машин хүний үйлдлийг орлож, дэлхийг эзэгнэх юм биш биз, хүмүүс ирээдүйд ажил хийж амьдралаа залгуулж чадах уу гэдэг асуулт урган гарна. Хэдийгээр давтамжтай ажлын байрыг хиймэл оюун ухаанаар орлуулж болох ч эцсийн дүндээ машин хэзээ ч олон талын асуудлыг шийдэх боломжгүй гэдгээрээ сул талтай. Тиймээс хиймэл оюун ухаан танд олон талт асуудлын шийдлүүдийг гаргаж өгөх үүрэг л хүлээнэ. Түүнийг базаж шийдэл гаргах субъект нь ямагт хүн байсаар байна. Эндээс монголчууд хиймэл оюун ухааны эринтэй хэрхэн хөл нийлүүлэх вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Ингэхийн тулд байгууллагууд бие биетэйгээ хамтарч ажиллаж, боловсролын системийн эрс шинэчлэл хийж, дэлхийн шилдгүүдээс суралцаж, инновацын бүтээл гаргах ёстой” хэмээн ярьсан юм. Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай “Нэст” ахлах сургуулийг яг ийм зорилгоор байгуулжээ. Мэдээллийн технологи амьдралд хүчтэй түрэн орж ирээд байгаа энэ үед бүх салбар, мэргэжил энэ чиглэлийн мэдлэгийг шаардах болсон гэнэ. Хурдацтайгаар нэмэгдэж эхэлсэн энэ эрэлтийг дагаад ажлын байрны эрэлт ихэссэнийг хөдөлмөрийн зах зээлийн судалгаа харуулах болж. Ирэх намраас сурагчдаа хүлээн авах “Нэст” сургуулийн нээлттэй өдөрлөгт эцэг, эхчүүд олноороо иржээ. Сонирхож ирсэн хүүхдүүд ч цөөнгүй байв.
“Олонлог” сургуулийн аравдугаар ангид сурдаг Г.Золбообаяр аль хэдийн энэ чиглэлээр дадлага хийгээд эхэлчихэж. “Инфинит солюшн” компанид дадлага хийдэг хүү “Би тэнд код бичдэг. Өнгөрсөн жил би “Голомт” банканд мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр дадлага хийсэн юм. Өдөрлөгт оролцсоноор надад хоёр сонголт гарч ирлээ. Нэг нь кодоо бичээд энэ чиглэлээрээ мэргэших, нөгөө нь мэдээллийн аюулгүй байдлын инженер болох. Мэдээллийн технологийн салбар маш сонирхолтой, давуу тал олонтой гэж үеийнхэндээ хэлмээр байна. Хамгийн гоё нь заавал оффист сууж ажиллахгүйгээр, дэлхийгээр аялангаа ч ажлаа хийж болно” гэлээ.
“Нэст” ахлах сургууль арав, арваннэгдүгээр ангидаа элсэлт авахаар болж. IT-гийн чиглэлээр сурах өндөр сонирхолтой хүүхдүүдийг арван нэгдүгээр ангиас нь элсүүлж болох гэнэ. Гэхдээ нийт элсэгчдийн 20 хувиас хэтрүүлэхгүй бодлого барих нь. Сургуулийн хувьд 480 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай ч энэ жилдээ 200 хүүхэд л элсүүлэхээр шийджээ. “Нэст” ахлах сургууль гурван жилийн хөтөлбөртэй. Эхний жилд хүүхдүүдэд программ хангамжийн суурь мэдлэг олгох бол хоёр дахь жилээс программ дизайн, программ хөгжүүлэлт, мобайл хөгжүүлэлт гэх мэт дагнасан чиглэлээр мэргэшүүлнэ гэж “Нэст” ахлах сургуулийн захирал онцоллоо.
Ингэж тодорхой нэг чиглэлд мэргэшиж эхэлсэн сурагчдыг сургалтын бус цагаар Монголын томоохон компаниудад цалинтай дадлага хийлгэх хөтөлбөрт хамруулах юм байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид цалинтай дадлага хийх жишгийг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж буй энэ мэдээг нээлттэй өдөрлөгт ирсэн эцэг, эхчүүд олзуурхан хүлээж авсан юм. “Нэст” ахлах сургуулийн энэ хөтөлбөрт “Инфинит солюшн” компани, Голомт банк, Хасбанк, “Монгол чат” компани хамтран ажиллахаар болжээ. “Нэст ахлах сургуулийн сурагчдын цалинтай дадлага” хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт эдгээр компанийн удирдлага болон сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Билгүүн нар гарын үсэг зурсан юм. Тус ахлах сургуулийн сурагчид эдгээр компанид дадлага хийх нь ийнхүү гэрээгээр баталгаажлаа.
Мэдээлэл авахаар ирсэн аав, ээжүүдийн төлөөлөл болгож Ч.Мөнхбаясгалангийн сэтгэгдлийг сонсов. Тэрбээр “Эцэг, эх бүр үр хүүхдээ орчин үетэйгээ хөл нийлүүлж алхаасай гэж хүсдэг. Би ч мөн адил охиноо дэлхийн хэмжээний мэдлэгтэй болоосой гэж боддог. Охин маань есдүгээр ангийн сурагч. Ирээдүйд ямар мэргэжилтэй болохоо хараахан сонгож амжаагүй байна. Тиймээс “Нэст” сургуулийн өдөрлөгт охинтойгоо хамт ирж мэдээлэл авлаа. Сургалтын хөтөлбөр нь маш их таалагдлаа“ гэсэн юм. Өдөрлөгт ирсэн ээжүүдийн нэг нь Б.Бөртэ Үжин. Тэрбээр охиноо дагуулж иржээ. Охин нь есдүгээр ангид сурдаг гэнэ. Б.Бөртэ Үжин “Гадаадад мэдээллийн технологийн мэдлэгийг бага ангиас нь заадаг юм билээ. Ингээд бодохоор манай улсад дэлхийтэй хөл нийлүүлэн алхах шинэ сургалтын систем яах аргагүй үгүйлэгдээд байгаа. Энэ чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль байгуулагдана гэсэн мэдээг уншаад сонирхохоор ирлээ. Мэдээж хүүхдээ хүчилж болохгүй. Тиймээс өөрийнх нь нүдээр харуулаад, сонсгосон нь илүү үр дүнтэй гэж бодсон юм. Удахгүй ажил амьдралд гарах хүүхдүүдэд мэдээллийн технологийн суурь мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Эмч, хуульч болсон ч хамаагүй энэ төрлийн мэдлэгтэй байх ёстой гэж боддог. Өнөөдрийн өдөрлөгөөр хэрэгтэй мэдээллээ авч чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
“Нэст” ахлах сургуулийн сургалтын гурав дахь жилд сурагчид багаар ажиллаж, төсөл хэрэгжүүлэх юм байна. Төсөл хэрэгжүүлэхэд алдаа, асуудал өчнөөн гарна, тэр бүхнийг давж туулах чадварыг эзэмшүүлнэ, ийм чадвар эзэмшчихвэл ажил дээр гарахаараа амжилт гаргах нь асуудал биш гэсэн санаанууд тус сургуулийн захирлын илтгэлээс анхаарал татаж байв. “Нэст” ахлах сургууль сургалтын гурван багтай. Зөвлөх, инновац, сургалтын гэсэн багууд ажиллах юм байна. Нээлттэй өдөрлөгийн онцлох агшны нэг нь зөвлөх багийнхны видео мэндчилгээ байлаа. “Amazon”, “Google”, “Facebook”, “Microsoft” зэрэг компанид инженерээр ажилладаг залуус мэндчилгээ ирүүлжээ. Тэд “Нэст” ахлах сургуульд зөвлөхөөр ажиллах юм. Дэлхийд гэж яригддаг IT компаниудад ажилладаг эдгээр залуустай нүүр тулж уулзах, лекц, зөвлөгөөг нь сонсох боломж “Нэст” ахлах сургуулийн сурагчдад бүрджээ.
Тус сургуулийн сургалтын баг өдөр ирэх бүр хувьсан өөрчлөгдөж, урагшилж буй дэлхийн мэдээллийн технологийн хөгжил хаашаа, яаж яваад байгаа талаарх шинэ соргог мэдээллийг зөвлөхүүдээсээ цаг алдалгүй авч, сургалтын хөтөлбөртөө тусгаад явах гэнэ. Сургуулийн орчны хувьд орчин үеийн технологиор тоноглогдсон, бүх төрлийн программчлалыг дэмжсэн тоног төхөөрөмж бүхий компьютерын гурван том лаборатори ажиллах нь. Онцолж хэлэхэд тус сургуулийн элсэлт албан ёсоор эхэлж байна. Элсэх хүсэлт гаргасан хүүхдүүдийг хэрхэн шалгаруулах талаар “Нэст” сургуулийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Билгүүнээс тодруулахад “Хүсэлт гаргасан хүүхдүүдээс зургадугаар сарын 25, долдугаар сарын 25-нд хоёр удаа элсэлтийн шалгалт авна. Шалгалтад тэнцсэн хүүхдүүд наймдугаар сарын 5-нд ярилцлагад орно. Тэнцсэн эхний 200 хүүхдийг сургуульдаа суралцуулна. Сургалтын төлбөр нэг жилийнх нь 10 сая төгрөг гэж тогтоосон. Элсэлтийн шалгалтдаа хамгийн өндөр оноо авсан, сайн ярилцлага хийсэн элсэгчдэд 10100 хувийн тэтгэлэг олгох боломж бий” гэлээ. Төлбөрийг уян хатан нөхцөлтэйгөөр өгч болох бөгөөд нэг анги 1820 хүүхэдтэй байх аж.