
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, орлогч дарга Б.Намжилсүрэн нартай ажлын уулзалт хийлээ. Талууд авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийн санал санаачилга, хүчин чармайлтыг идэвхжүүлэх, өргөжүүлэх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө гаргаж хамтран ажиллахаар тохиролцжээ.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Авлигын гэмт хэргийн нэг талын субъект нь яах аргагүй хувийн хэвшил юм. Төрийн байгууллага, албан тушаалтны эс үйлдлийн улмаас бизнес эрхлэгчид авлигын гэмт хэргийн холбогдогч болдог. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлахтай холбоотой төрийн үйлчилгээ бизнес эрхлэгчдэд бодит дарамт, бэрхшээл үүсгэдэг. Өнөөдрийн байдлаар төрийн 54 байгууллагаас 900 гаруй зөвшөөрөл олгож байгаа. Бидний хамтын ажиллагаа эндээс эхлэх ёстой” гэж ярилаа.
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа авлигатай тэмцэх, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд хувийн хэвшлийн салбар, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын санал санаачилга маш чухал гэдгийг онцлон тэмдэглээд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд талууд үр дүнтэй хамтран ажиллахад анхаарал хандуулах болно гэлээ.