ХААН банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр шинэ санаачилга дэвшүүлсэн төслийг сонгон шалгаруулахаар өнгөрсөн оны сүүлчээр “Ногоон төсөл”-ийн уралдааныг аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд зарласан юм. Уг уралдааны тэргүүн байранд Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын санаачилсан “Би ногоон дэлхийн хүүхэд” төсөл шалгарч, зусланд амарсан хүүхэд бүр экологийн боловсрол эзэмших боломж бүрдсэн байна.

Өөрөөр хэлбэл, тус цогцолборынхон ХААН банкны дэмжлэгтэйгээр Хөгжил мэдээллийн ордондоо хангайн болон говийн бүс нутгийн онцлогийг илэрхийлэхүйц танхим тохижуулснаа “Дэлхийн байгаль хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан өчигдөр нээсэн юм. Улмаар “Найрамдал”-д амарч буй хүүхдүүд тус ордонд зочлохдоо дээрх бүс нутгийн ургамал, амьтан, түүх соёлтой танилцахаас гадна байгаль дэлхийгээ хайрлан, хамгаалах зөв дадал, хэвшилд суралцах боломжтой боллоо.
Нээлтийн үеэр ХААН банкны Гүйцэтгэх захирал Жон Белл “Хүүхэд багачуудад Монгол орны байгаль экологи, хангай, говийн бүс нутгийн талаар мэдлэг мэдээлэл олгох энэ үйлсэд хамтарч ажилласандаа баяртай байна. ХААН банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангийнхан хүүхэд, залуусын боловсрол, байгаль орчны чиглэлээр олон төсөл, хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Цаашид ч энэ чиглэлээр бусад байгууллагатай хамтран ажиллахад бэлэн” гэдгээ илэрхийллээ.
Нээлтийн ёслолын дараа бид “будаг нь ханхалсан” танхимуудаар зочилсон юм. Хангайн бүсийн танхимд ороход шувууд жиргэж байгаа нь сонсогдов. Хана, таазаа модоор “бүрхсэн” тул ойд яваа юм шиг санагдсан. Модны навч, мөчир, үндэс зэрэг нь ямар үүрэгтэй болохыг сургагч багш хүүхдүүдэд хичээнгүйлэн тайлбарлаж байлаа. Тус цогцолборт амрагч долоон настай Б.Гэгээнээ модны бүтэц, хэлбэрийн тухай маш их зүйл сурч мэдсэнээ надад “гайхуулав”. Харин говийн бүсийн танхимд хөвгүүд ханан хаданд авирах спортоор хичээллэж байсан нь анхаарал татахуйц. Тус танхимд бага насны хүүхдүүд айдсаа даван туулахад суралцахаас гадна үлэг гүрвэл, динозаврын талаар багагүй мэдээлэлтэй болох учиртай. Монгол орны нутаг дэвсгэрт 130-70 сая жилийн өмнө амьдарч байсан өндөг хулгайлдаг үлэг гүрвэлүүдийн зургийг тус танхимын хананд томоор зуржээ. Элс, говьд ургадаг модыг байгалиас нь авчирч өрөөний голд байрлуулсан төдийгүй үлэг гүрвэлийн ясыг сургагч багш нар дуурайлган хийсэн нь тэднийг ямар их хөдөлмөр зарцуулсныг илтгэнэ.
Найман настай Ц.Төгөлдөр “Өмнө нь өндрөөс айдаг байсан. Харин одоо хиймэл хаданд авирах сонирхолтой санагдаж байна. Дахиж өндөрт гарахаас айхгүй” гэж ярьсан. Тус цогцолборт жил бүр дунджаар 40 000 гаруй хүүхэд ирж, амардаг. Тэгэхээр бидний ирээдүй, хойч үе болсон хүүхэд бүр “Найрамдал” зусланд ирснээр энэ мэтээр өөрийгөө нээж, зөв төлөвшил олж авах боломжтой болсныг тус төвийн сургагч багш, мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.
Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборын гүйцэтгэх захирал Б.Отгонбат “Юуны өмнө санхүүжүүлэгч байгууллагынханд талархал илэрхийлье. “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд зөвхөн танхим байгуулаад зогсохгүй багачуудад зориулсан гарын авлага бэлтгэсэн. Хангайн бүсэд амьдардаг шувуудын тухай бяцхан ном, зурагт хуудас бэлтгэх, сургалтын хөтөлбөрөө шинэчлэх зэргээр цаашид ажиллана. Энэ төсөл нэг үе шаттай хэрэгжээд дуусаж байгаа ч хээрийн бүс нутгийн онцлогийг харуулсан, усны бүтэц, жигүүртэн, араатан амьтны талаар мэдлэг олгох зориулалт бүхий өөр олон танхим байгуулахад ХААН банктай дахин хамтарч ажиллахыг зорьж буйгаа энэ ташрамд илэрхийлье. Хүүхдүүд манай зусланд амраад л буцах бус, шинэ адал явдалтай учирч, байгалиа хамгаалах хүсэл, гоо зүйн мэдрэмжтэй иргэн болон төлөвшинө хэмээн найдаж байна” гэлээ.