
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 8-ны өглөө Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд, харин өдөр нь тус дүүргийн I хороонд байрлах “И-март” худалдааны төвд гал гарав. Эхний дуудлагын дагуу гал унтраах, аврах 63 дугаар ангийн 10 алба хаагч нар газар дээр нь очиход галын тархалт их байсан тул Чингэлтэй дүүргийн гал унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн гал унтраах, аврах 35 дугаар ангиас нэмэлт хүч авснаар галыг хоёр цаг орчмын дараа бүрэн унтраажээ. “Өнөр бүл” асрамжийн төвд 2-18 насны 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 70 орчим нь байрлаж байсан аж. Онцгой байдлын алба хаагчид 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, есийг нь Яаралтай түргэн тусламжийн төв болон Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн байна. Хоёр хүүхдэд анхан шатны тусламж үзүүлэн, ГССҮТ-д хүлээлгэн өгөөд, бусад хүүхдийг цэцэрлэгийн байр руу шилжүүлжээ.
“И март” худалдааны төвд Чингэлтэй дүүргийн гал унтраах, аврах 10 дугаар анги, нийслэлийн “Аврах 105”-ын 20 алба хаагч ажиллаж, галыг нэг цагийн хугацаанд бүрэн унтраасан аж. Алба хаагчид утаанд хордож, ухаан алдсан нэг иргэнд анхан шатны тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад шилжүүлжээ. Гурван хүнийг утаажилтын бүсээс гарган, анхан шатны тусламж үзүүлж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгсөн байна. “Өнөр бүл” асрамжийн төв, “И-март” худалдааны төвд гарсан галын шалтгааныг тодруулахаар нийслэлийн Онцгой байдлын газрынхантай холбогдоход “Галын дүгнэлт гарах болоогүй. Шалгаж байна” гэлээ.