
Өнгөрсөн долоо хоногт ХЗДХЯ-ны гадна жагсаал зохион байгуулсан иргэдийг цагдаагийн байгууллагаас дарамталсан хэмээн Т.Энхсайхан хэвлэлийн бага хурал зарлан мэдээлсэн. Тэрбээр "Цагдаагийн байгууллагаас намайг удаа дараалан дарамталж, миний нөхрийг цагдаагийн албанаас нь хална гэж сүрдүүлсэн" хэмээн ярьсан билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг мэдээллийг үгүйсгэлээ.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн алба хаагчидтай холбоотой буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. АН-ынхан ХЗДХЯ-ны урд бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан.
Жагсаал зохион байгуулагч Т.Энхсайханы зүгээс цагдаагийн алба хаагчид "Дахиж жагсвал нөхрийг чинь ажлаас нь хална" гэж дарамталсан гэх мэдээллийг тараасан. Үүнийг ташаа худал, мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Т.Энхсайхан гэх иргэний гэр бүлийн хүн цагдаагийн байгууллагад удирдах албан тушаал хашдаг. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу эвлэлдэн нэгдэх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэний гэр бүлийн хүнийг цагдаагийн байгууллагаас дарамталж, ажлаас нь халах гэсэн зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ.
Мөн "Энэ сарын 12-нд АН-аас дахин жагсаал, цуглаан зохион байгуулсан. Ингэхдээ Гэрлэх ёслолын ордны өмнө талбайд зохион байгуулна гэж зөвшөөрөл авсан ч байрлалаа өөрчлөн зөвшөөрөлгүй газар буюу Австрали улсын Элчин сайдын яам байрлах талбайд жагсаал, цуглаан зохион байгуулсан. НҮБ-ын дипломат харилцааны тухай 1961 оны Венийн конвецид зааснаар аливаа улс орны дипломат төлөөлөгчийн газрын аюулгүй байдлыг хүлээн авагч улс хариуцна гэж заасан байдаг" гэлээ.