
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцруулахыг шаардан Ардчилсан нам, иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн М.Зундуйдаваа "Эрүүл мэндийн яамыг мэргэжлийн бус хүнээр удирдуулсны улмаас монгол хүүхдүүд сүрьеэгийн халдварт өвчинд олон зуугаараа нэрвэгдлээ. Мөн дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр гэрээсээ гарсан эмэгтэй төрөхийн орон дээр нас барлаа. Ийм хариуцлагагүй байдал Эрүүл мэндийн яаманд үүрлээд байгаа учраас мэргэжлийн бус сайдыг огцруулахыг шаардан иргэд жагсаал тэмцэл хийгээд хоёр сар гаруй хугацаа өнгөрлөө. Гэтэл Эрүүл мэндийн сайд монголчуудаас уучлалт гуйх нь битгий хэл, Монгол Улсад тэмбүү өвчин газар авлаа хэмээн зарлан манай эх орны нэр хүндийг гутаан доромжиллоо. Бидний тэмцэл үр дүнд хүрэхгүй байна. Иймд бид тэмцлийнхээ хэлбэрийг өөрчилж, Д.Сарангэрэл сайдыг хуулийн байгууллагад шалгуулна. Мөн энэ сайдыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж байна. Хэрэв огцрохгүй бол улс төрийн суулт зарлана" гэлээ.
“Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа "Эрүүл мэндийн сайдын суудлыг 60 тэрбумтай холбоотой гэж бид үзэж байна. Д.Сарангэрэл "Сайдынхаа албан тушаалыг өгөхгүй" хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд эрхэллээ. МАН нэг асуудлыг нөгөөгөөр нь дараад сурчихсан. Монгол Улсын сүрьеэ өвчнийг дарах гэж байгаа нэрийдлээр тэмбүү өвчнийг дэлхийд зарлачихлаа. Олон улсын байгууллагууд "Монголчууд ахуйн замаар халддаг тэмбүү өвчтэй" хэмээн сандралдаж байна. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж ажлаасаа халагдах дээрээ туллаа. У.Хүрэлсүх сайдаа энэ 50 нас гарсан хөгшин эмэгтэйгээ тэтгэвэрт нь гарга л даа" гэлээ.