
АН-ын гишүүн Т.Энхсайхан тэргүүтэй жагсагчид ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцруулахыг шаардсан бичгийг өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барилаа.
Энэ үеэр төрийн ордны баруун хаалган дээр лам нар ном хурж, ганга хомоол шатаажээ. Цагдаагийн алба хаагчид уг үйлдлийг нь зогсоох гэтэл Т.Энхсайхан "Ц.Нямдорж сайд Монголын төрөөс 22 жил хулгай хийсэн. Бид аргаа барсандаа лам нараар ном уншуулж байна. Шаардлагынхаа хариуг аван автлаа тэмцэх болно" гэлээ.
Сануулбал, Т.Энхсайхан тэргүүтэй иргэд энэ сарын 10-наас эхлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагсаж байна. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж таван асуудлаар гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаагийн зэрэгцээ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгон бууруулсан. Энэ нь авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хуулийн давуу байдал бий болгож байна хэмээн жагсагчид үзэж байгаа юм.