
Он гарсаар улсын хэмжээнд 6 аймгийн 8 сум, нийслэлийн 1 дүүрэгт нийт 10 удаагийн усны осол гарч, 12 хүн амь насаа алджээ. Үүний 9 нь том хүн, 3 нь хүүхэд байгаа юм.
Түүнчлэн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Үүр, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Идэр, Буянт голын усны түвшин өмнөх өдрөөс 30-115 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Бэлтэс, Ховд, Буянт, Булган, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см даван хүчтэй үерлэж байна.
Цаашид ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байгаа тул:
- Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,
- Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн автозамд зорчихгүй байх,
- Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
- Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
- Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.