
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Эрдэнэт үйлдвэрийн 40 сая ам.доллар төлөгдсөн гэх баримтыг сэтгүүлчдэд харууллаа. Уг баримтад дөрөвдүгээр сарын 29-нд Стандарт банканд төлөгдөх өр хаагдсан тухай дурдсан байгааг тэрбээр хэлэв.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Одоо Эрдэнэт үйлдвэрийн 40 сая ам.долларыг хэрхэн төлүүлэх вэ гэдэг асуудал үлдсэн. Өчигдөр ЗГХЭГ-аас АТГ-ын даргад албан бичиг явуулсан. Ш.Батхүүтэй холбоотой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн байгаа юм байна. Нийт 52 орчим тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн. Үүн дээр нэмэгдээд нийтдээ 85-87 тэрбум орчим төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Ш.Батхүүгийн эзэмшилд байсан юм байна гэдгийг албан бичгээр ирүүлсэн. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулах юм уу шүүхээр шийдвэр гаргуулаад зарж борлуулсан орлогыг Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой гэж үзэж байгаа.
Улсыг хохиролгүй болгохын тулд шаардлагатай гэвэл тухайн ААН-үүд ямар байдлаар Ш.Батхүүгээс тэр гэрээнүүдийг авсан бэ, тэр дунд авлига байна уу үгүй юу гэдгийг ил болгоно. Ш.Батхүүгийн колонкууд нь 6-7 аж ахуйн нэгжид очсон жишээтэй. Энэ бүх ээдрээтэй асуудалд эх оронч сэтгэл гарган Засгийн газартайгаа хамтарч ажиллаарай гэж уриалъя” гэлээ.