
Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2019 оны зургадугаар сарын 19-ний өдрийн 02.50 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03.00 цагт очиход байшин, граж, “Портер” загварын автомашин, малын хашаа тус тус шатаж байж. Аврах ангийнхан дөрвөн цаг ажиллаж, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, Г /5 настай, эмэгтэй/, А /5 настай, эмэгтэй/, Э /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.