
Япон улсын Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе
ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг “Армейские игры” буюу цэргийн тоглолтыг ирэх наймдугаар сарын 3-нд дэлхийн 10 оронд эхлүүлнэ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд тус тоглолтын цар хүрээг өргөтгөж, зохион байгуулагч орнуудын тоог нэмэх зорилгынхоо хүрээнд морин цэргийн уралдаан явуулахаар манай зэвсэгт хүчнийхэнд санал тавьжээ. Үүний дагуу “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг Монголд анх удаа зохион байгуулахаар ЗХЖШ-ынхан бэлтгэл ажлаа хангаж байна.
Тус тэмцээнд манай улсаас гадна ОХУ, Киргиз, Казахстан улсын зэвсэгт хүчнийхэн оролцох юм. Улаанбаатар хотоос 65 км зайд орших Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, Хустайн нуруун дахь байгалийн цогцолборт газарт ирэх наймдугаар сарын 3-8-нд оролцогч багууд хурд, хүч, авхаалж самбаагаа сорино. Ажиглагчаар БНХАУ, Зимбабве улсын төлөөлөгч нар ажиллах юм.
ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Тус тэмцээнийг зохион байгуулснаар адууны өв соёлоо дэлхийд сурталчлах ач холбогдолтой. Мөн өөрийн орны цэргүүдийн ур чадварыг олон улсад таниулах боломж бидэнд бий болж буй хэрэг. Төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурлаар (зургадугаар сарын 21) тэмцээний шүүлтийг хэрхэн хийх, ямар тохиолдолд хэдэн оноо хасах зэргийг тодорхой болголоо” гэв.
Тус тэмцээнийг Тавантолгой дахь зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн дөрвөн цэгт зохион байгуулна. Цэг тус бүрт үүсэж болзошгүй тохиолдолд өвчтөнд анхны тусламж үзүүлэх, морьтой даалгавар гүйцэтгэх зэргээр төрөл бүрийн уралдааныг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэхээр зохион байгуулагчид төлөвлөжээ. Баг бүр АКМС, тасгийн пулёмёт, гранатомёт, мэргэн буудагчийн винтов зэрэг байлдааны болон сургуулилалтын галт зэвсэг хэрэглэнэ. Уг уралдаанд ашиглах хамгийн хүнд галт зэвсэг нь зургаан кг-ийн жинтэй буу юм.
Нэг багийн 10 хүн тус бүр хоёр цүнхтэй. Нэг цүнх ойролцоогоор 30-40 кг-ийн жинтэй байх аж. Ийм жинтэй цүнх үүрч багууд хоёр үе шаттайгаар даалгавар гүйцэтгэх юм байна. Эхний шатанд багууд 124 км замыг мориор туулж, замдаа тактикийн ажиллагааны даалгавар гүйцэтгэнэ. Үүнд усан саад туулах, морь барих, сэлгэх, хээр хонох, татан гаргалтын цэгүүдэд байрлуулсан саадыг давах ётой. Харин хоёрдугаар шатанд 7.5 км-ын зайд хурд, хүчээ сорихоос гадна тактикийн даалгавруудыг биелүүлж, луужин, GPS зэргийг ашиглан газар доор нуусан хүнсийг олж идэх ёстой.
Хамгийн богино хугацаанд даалгавраа алдаагүй гүйцэтгэсэн нь тэргүүн байр эзлэх юм. Гадаадын баг тамирчид ирэх сарын 20-ноос манай оронд ирж, бэлтгэлээ монгол морьтой базаах гэнэ. Нээлт болох хүртэл өдөр бүр урлаг, спортын болон зан заншил, адууны өв соёлыг сурталчилсан арга хэмжээнд баг тамирчид оролцох боломжтой. Монгол Улсын зэвсэгт хүчнийхэн “танкийн биатлон”, “мэргэн буудагчийн зааг”, “цэргийн хээрийн гал тогоо” зэрэг төрлүүдэд өнгөрсөн жилүүдэд оролцон дэлхийн шилдэг армиудтай эн тэнцүү өрсөлдөж байсан. Харин энэ удаа манай улс зохион байгуулагч орон гэсэн статустай “Армейские игры”-д оролцож, өвөг дээдсийнхээ дэлхийд тамгалсан “Аравт” хэмээх морин цэргүүдийн ур чадварыг олон улсад таниулах нь.