
АТГ-аас зургадугаар сард хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тус хэвлэлийн хурлын дараа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилсан ч шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан гэх үндэслэлгүйгээр сулласан. Энэ талаар тайлбар өгөөч?
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 1.3-т заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн хэмээн гэрч шууд заасан гэх үндэслэлээр прокурорын хяналтан дор баривчлах ажиллагаа явагдсан. Хууль зөрчсөн зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
-"Жаст"-ын Ш.Батхүү болон Оюутолгойн гэрээтэй холбогдох хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг нэр зааж хэлэх боломжгүй. Харин "Жаст"-ын Ш.Батхүүд холбогдох хэрэг шүүхийн шатанд байгаа. Шүүхээс АТГ-д буцаж ирээгүй. Манай газрын даргын өгсөн мэдээллээр Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон байгаа.
Ер нь прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч байгаа мэдээллүүд эргээд улс төрийн зорилгоор ашиглагддаг, мөрдөн шалгах ажиллагааны явцад саад учруулдаг, хэргийн үнэн зөвийг тогтооход саад учруулах хандлагууд гарч байгаа. Иймд холбогдох хуулийн хүрээнд ажилла гэсэн үүрэг чиглэл ирсэн.