
Сүүлийн өдрүүдэд хур бороо ихээр орсны улмаас зарим голын ай саваар үерийн нөхцөл байдал үүсээд байна. Иймд НОБГ-ын Аврах 105 дугаар анги, Цагдаагийн байгууллагатай хамтран голын үерээс сэрэмжлүүлэх мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга Ахлах дэслэгч Ш.Анхтуяа "Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгаа юм. Онцгой байдлын байгууллагаас голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилгоор төв, орон нутгийн хэмжээнд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлээд байна.
Энэ жил “Завьт эргүүл” арга хэмжээ Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл зохион байгуулагдаж байна. Туул голын эрэг дагуу завьт эргүүл, шалгалтыг зохион байгуулж, гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэснээр усны ослын дуудлага болон усанд осолдсон иргэдийн тоо 30 гаруй хувиар буурсан эерэг үр дүн, үзүүлэлттэй байна.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Заг, Байдраг, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см даван үерлэж байна. Мөн өнөөдөр буюу 28-нд баруун, төв, зүүн, говийн аймгуудын ихэнх нутгаар, ирэх амралтын өдрүүдэд буюу 29-30-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхины хурд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна" гэлээ.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
-Хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах,
-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих,
-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,
-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,
-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.