
Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэд МАХН-ын байрны өмнө жагссан билээ. Уг үйл явдал нь эцэстээ нийслэл хотыг хамарсан үймээн самуун болж, үр дүнд нь таван хүний амь нас эрсдсэн харамсалтай хэрэг болж байсан. Тэгвэл өнөөдөр иргэний нийгмийн байгууллагууд тус үйл явдлын үеэр хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүллээ.
"Хохирогчдын холбоо" ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг "2008 оны долдугаар сарын 1-нд ардчилсан Монгол Улсад төр нь ард түмнээ буудсан хэлмэгдүүлэлт болсон. Энэ үйл явдлын өмнө МАХН-ын 24 дүгээр хурал дээр тухайн үеийн эрх баригчид төрийн эрхийг ямарч хамаагүй аргаар МАХН барих ёстой хэмээн хэлж байсан.
Сонгуулийн үеэр олигархууд ард түмний баялагт санаархаж, төрийн эрхийг хүчээр булаан авсан. Үймээний дараа эрх баригчид ард түмнийг нухчин дарж, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг шоронд хорьсон. Ингэж 2009 оны аравдугаар сард хоёр нам эвсэж, Оюутолгойн гэрээг байгуулсан юм. Одоо энэ гэрээний асуудал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна" гэлээ.