
Жилийн жилд Төв цэнгэлдэх хүрээлэн "хар зах" шиг байдалтай байдаг хэмээн иргэд бухимддаг. Тэгвэл энэ жилийн наадмаар НМХГ-аас худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэн, ААН-үүдэд ямар шаардлага тавьж буй талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэн, ААН-үүдэд ямар шаардлага тавьж, худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгож байна вэ?
-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбай, Хүүхдийн парк, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг таван газарт хяналт шалгалт явуулдаг. МХЕГ-ын даргын баталсан тушаалын дагуу нийтдээ 400 гаруй албан хаагч ажиллана. Худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан иргэн, ААН-үүд нь тухайн дүүрэгтээ хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх шаардлагыг тавьдаг.
Хяналт шалгалтын явцыг илүү дэлгэрэнгүй тайлбарлах уу?
Долдугаар сарын 9-нд Хүй долоон худагт, 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд урьдчилсан хяналт шалгалт явуулна. Энэ үеэр үйлчилгээ эрхлэгчдийн мэргэжлийн тогооч, ариун цэврийн байдал, стандартад нийцсэн тоног төхөөрөмжтэй эсэхэд хяналт шалгалт хийнэ. Хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүд нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан байх шаардлагатай. Мөн ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэхийг шалгадаг. Шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийдэг.
Хэдэн иргэн, ААН-д худалдаа эрхлэх зөвшөөрөл олгосон байгаа вэ?
Баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх ААН-үүдийн тоог НЗАА-ны даргын баталсан тушаалын хүрээнд тогтоосон. Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур худалдааны 400, Хүй долоон худагт 160, худалдааны 50, нийтдээ 610 цэгт худалдаа эрхлэх зөвшөөрөл олгосон байгаа.
Наадмын талбайд ариун цэврийн байгууламж дутагдалтай, стандартад нийцээгүй хэмээн иргэдийг бухимдуулдаг. Тэгвэл энэ жил дээрх асуудалд яаж анхаарч ажиллаж байна вэ?
Ариун цэврийн байгууламж дутагдалтайгаас үүдэн Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд иргэд хүндээр бие засах тохиолдол үүсдэг. Энэ жилийн хувьд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулж, тоог нь нэмэгдүүлсэн байгаа.
Заримдаа ариун цэврийн байгууламжийн дэргэд хуушуур худалдаалж байгаа харагддаг. Стандартаар хэдэн метрийн зайтай байх шаардлагатай вэ?
Стандартаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ариун цэврийн байгууламжаас 50 метрийн зайд үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Гэвч жил ирэх бүр Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон барилга байгууламж нэмэгдсэний улмаас зай талбай нь хумигдаж байна. Ингэснээр баяр наадмын үеэр стандарт алдагдах асуудал үүсдэг. Иймд монголчууд том цэнгэлдэх хүрээлэнтэй болтлоо нөхцөл байдалтайгаа зохицож баярлахаас өөр сонголтгүй болоод байна.