Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар нийгмийн түншлэгч талууд 2013 оноос идэвхитэй ажиллан 2018 оны 03 сарын 26-ны өдөр УИХ-д өргөн барьсан. Нийгмийн түншлэгч талуудын хамтран боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүрээнд УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй 170 санал томъёоллыг МҮЭ-ийн холбоонд ирүүлсэн. УИХ-ын ажлын хэсгээс түншлэгч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл харгалзан, ОУХБ-ын конвенцуудад нийцээгүй саналуудыг гарган, мөн түншлэгч талуудад танилцуулаагүйгээр НББСШУ-ны байнгын хороо болон УИХ-д танилцуулж зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахаар бэлтгэж байна.
Зарчмын зөрүүтэй саналын томъёололд ажилтан өөрийн төлөөллийн байгууллагаар дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах эрхийг зөрчиж байна. Мөн хамтын хэлэлцээрт төрийн захиргааны төв байгууллагын оролцоог хассанаар хамтын хэлэлцээрийн хүчин чадлыг бууруулж байна. Түүнчлэн зөрчил гаргасан ажилтны талаарх мэдээллийг нийтэд зарлан мэдээлэх зэргээр ажилтны хувийн халдашгүй байдал, нэр хүндэд халдсан заалтуудыг томъёолсөн байна.
Энэ мэт ажилтны эрхийг дордуулсан, ОУХБ-ын конвенцид нийцээгүй хуулийн төсөл болон зарчмын зөрүүтэй саналыг НББСШУ-ны байнгын хороо болон УИХ-аар хэлэлцүүлэх тохиолдолд МҮЭ-ийн холбооны зүгээс эсэргүүцэхээ албан ёсоор мэдэгдэж байна.