
Үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны 6,7 дугаар секцийн 1200 ширхэг тасалбарыг өнөөдрөөс буюу 2019 оны долдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 12.00 цагаас эхлэн https://eservice.ulaanbaatar.mn сайтаар онлайнаар худалдана.
Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг дөрвөн төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.
Наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх багц тасалбар суудлаасаа хамаараад 16 000, 24 000 гэсэн хоёр ангилалтай байгаа аж.
Энэ удаагийн наадмаар ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулна. Мөн Үндэсний их баяр наадмыг үзэхээр ирж буй жуулчдад 3000 тасалбар худалдана, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгоно.
