
Хүннү рок урсгалын "The Hu" хамтлагийн залуус европын орнуудад хийсэн аялан тоглолтоо дуусгаад өнөөдөр эх орондоо иржээ. Тэднийг эх орондоо ирсэн даруйд нь нийслэлийн дээд шагнал болох Хангарди одонгоор шагналаа. Тус хамтлаг нь "Wolf totem", "Yuve yuve yu" зэрэг дуугаараа дэлхий дахинаа алдаршсан бөгөөд эх орноо сурталчилах үйлсэд амжилттай зүтгэж яваа орчин цагийн үлгэр жишээч уран бүтээлчид хэмээн Хотын захирагч С.Амарсайхан онцоллоо.
“The Hu” хамтлагийн продюсер МУГЖ Б.Дашдондог "Манай хамтлаг ардын урлагаа орчин цагийн хөгжимтэй хослуулан дэлхийн олон оронд эх орноо таниулахыг зорьж байна. Би удаан хугацааны турш судалгаа хийсэн. Энэ хамтлаг сайн уран бүтээл бий болгож чадна гэдгийг би анхнаасаа мэдэж байсан.
Урлаг судлаачид дэлхийн рок урлаг цаашид хөгжих боломжгүй хэмээн таамагладаг. Харин "The Hu" хамтлаг дэлхийн рок урсгалд шинэ уур амьсгал бий болгож чадсан гэдэгт би итгэлтэй байна" хэмээн ярилаа.
Одоогоор тус хамтлагийхан "Гэрэг" нэртэй анхны бие даасан цомог дээрээ ажиллаж байна. Харин хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байна.
Тун удахгүй "The Hu" хамтлагийн залуус Хойд Америкт аялан тоглолт хийхээр төлөвлөжээ.