
БНСУ-ын “Ашианa Эйрланс” агаарын тээвэрлэгч Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн анхны нислэгээ үйлдэж “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр буюу 2019 оны долдугаар сарын 09-ний 23.50 минутад газарджээ.
“Ашиана Эйрлайнс” компанийн OZ568 нислэгийн дугаартай агаарын хөлөг зорчигч дүүрэн иржээ.
Тус компани A330-300 маягийн 290 хүний суудалтай агаарын хөлгөөр 7 хоногийн мягмар, пүрэв, бямба гаригуудад тогтмол нислэг үйлдэх юм.
Ийнхүү зорчигч урсгал ихтэй солонгос чиглэлд агаарын тээвэрлэгч нэмэгдсэнээр Монгол Улсыг зорин ирэх БНСУ-ын төдийгүй, дамжин ирэх гадаадын иргэд, гадаад орныг зорих Монгол иргэдэд үзүүлэх нислэгийн үйлчилгээний чанар сайжрах, нислэгийн компаниудын дунд өрсөлдөөн бий болж тасалбарын үнэ хямдрах зэрэг олон ач холбогдолтой.
Түүнчлэн Монгол Улс болон БНСУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж буй өнөө үед хоёр улсын хооронд үйлдэгддэг нислэгийн тоо, давтамж нэмэгдэж байгаа давуу талтай.
1988 онд анх үүсэн байгуулагдсан дэлхийн шилдэг компаниудын нэг болох “Ашиана Эйрлайнс” нь Улаанбаатар чиглэлийн нислэгээрээ дамжуулан манай улсын хууль тогтоомжид нийцсэн үйл ажиллагааг явуулж, шударга өрсөлдөөнд манлайлж, үйлчилгээний өндөр стандартыг агаарын тээврийн салбарт нэвтрүүлэн, аюулгүй ажиллагааг эрхэмлэн ажиллана гэдгээ онцгойлон мэдэгдэж байгаа билээ.