
Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахлын халдвар авсан байж болзошгүй мэдээллийг үндэслэн Мэргэжлийн хяналтын байгууллагынхан тус иргэдийг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээгээр тухайн өвчний халдвар аваагүй нь тогтоогдсон байна.
Иргэн Ц нь Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Алтай Таван богд ууланд амрахаар зорьж явжээ. Замдаа иргэн Д-гийнд зочлохдоо Өлгий сумын 13 дугаар багт оршин суудаг Д-д чанасан тарваганы мах авчирч өгчээ. Улмаар иргэн Д бөөлжих, толгой өвдөх, дотор муухайрсан гэсэн зовиуртай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Эмч нар нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах арга хэмжээ авч, онош батлах зорилгоор Зоонозын өвчин судлалын төвийн эмч нар тухайн иргэдээс цусны болон хөөмийн арчдасын шинжилгээ авсан байна. Лабораторийн шинжилгээний хариугаар полимеразийн гинжин урвалаар бүх сорьцууд сөрөг буюу тарваган тахлын ДНХ илрээгүй тул 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ.