
Улсын баяраар наадамчдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар Цагдаагийн ерөнхий газар болон Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
Наадмын үеэр цагдаагийн 646 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах аж. Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогчийг “дайчилж”, нэмэлтээр үүрэг гүйцэтгүүлэх юм байна. Энэ жил хурдан морины уралдааныг найман машин дагах бөгөөд гурав нь телевизүүдийн нэвтрүүлэг шууд дамжуулах багийнх бол, бусад нь эмнэлэг, цагдаа, хурдан морины комиссынхны унаа ажээ.
Замын цагдаагийн Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат “Төв цэнгэлдэх хүрээлэнд 2500, Хүй долоон худагт 7500 автомашин зогсооно. Мөн Хүй долоон худагт 16 мянга орчим тээврийн хэрэгсэл түр зогсоод хөдөлнө гэж тооцоолон, байрлах боломж бүрдүүлсэн аж. Эдгээр газрын хооронд зорчих тээврийн хэрэгслүүдэд А, Ж, ДК, Ү, Г, улаан, ногоон зэрэг нийт долоон төрлийн зөвшөөрөл олгоно” гэж хэллээ.
Ташрамд дурдахад, 13 чиглэлийн 76 автобус “Мишээл экспо” төв чиглэлд, 22 чиглэлийн 135 автобус “Дүнжингарав” худалдааны төв тийш наадамчдад үйлчлэх юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын түр гурван зогсоолоос Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси үйлчлэх ажээ.
Э.Намуунцэцэг