
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдээр иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байдаг. Тэгвэл энэ өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэг, долоон аймаг, суманд усны ослын 13 тохиолдол бүртгэгдэж, 14 хүн амь насаа алдсан байна. Үүнээс гурав нь хүүхэд, 11 нь том хүн байжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд он гарсаар долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, найм нь хүүхэд байгаа юм.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.