
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, эмийн түүхий эдийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, түгээх байгууллагын үйл ажиллагаанд холбогдох байгууллагууд хамтран урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийжээ.
Уг шалгалтад 62 эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан хамрагджээ.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмийг бүртгэл дутуу, бүртгэлгүй, хуурамч хүчингүй эмийн жороор худалдсан, дутаасан зэрэг гэмт хэргийн шинжтэй 17, зөрчлийн шинжтэй 76 хэргийг бүртгэж, хэрэг үүсгээд байгаа аж.
Үүнээс 3877 ширхэг сэтгэц нөлөөт эмийг хүчингүй, хуурамч жороор олгосон 7 аж ахуйн нэгж, 17 иргэнд нийт 11.650.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан байна.
Монгол Улсын хувьд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах, “1961 оны “Мансууруулах эмийн тухай”, 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенц, Монгол улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтыг мөрдлөг болгож байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сангийн жор баригч, эм зүйчид хүчингүй, хуурамч жороор үйлчлэхгүй байх, иргэд хүчингүй, хуурамч жор хүлээн авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.