
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар үйл ажиллагаандаа Олон Улсын Чанарын менежментийн тогтолцооны /ISO 9001:2015/ стандартыг нэвтрүүлжээ. Ингэхдээ “Төрийн үйлчилгээ”-нд стандартын шаардлага хангасан батламжийн “Гэрчилгээ”-г тус аймгийн Засаг даргад олгосон байна.
Гэрчилгээг Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд Ховд аймгийн ЗДТГ-ын удирдлагад гардуулж өглөө. Тус стандартыг нэвтрүүлснээр байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын уялдаа холбоо сайжирч, төрийн албан хаагчдын сахилга бат дээшлэн, ажлын давхардал хийдэлгүй болж, албан бичиг хөтлөлт эмх цэгцтэй болох ач холбогдолтой бөгөөд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэж, иргэдийн болон албан хаагчдын сэтгэл ханамж дээшлэх нөхцөл бүрдэх юм.
Ховд аймгийн ЗДТГ нь гэрчилгээг “Төрийн захиргааны байгууллагын удирдлага, зохион байгуулалт, төрийн үйлчилгээ” хамрах хүрээнд 2024 он хүртэл хугацаагаар эзэмших аж.
