
Шинэ төрлийн коронавирусээр халдварладаг өвчнийг албан ёсоор Covid-19 гэж нэрлэхээр болсноо Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага зарлалаа.
Тус өвчнөөр халдвар авсан хүний тоо олон улсын хэмжээнд 44.8 мянга хүрч, 1113 хүн нас бараад байна. 6000 гаруй хүний биеийн байдал хүнд байгаа аж. Харин эдгэрсэн хүний тоо 4686 хүрчээ.
Коронавирус гэдэг нэр нь ижил шинж чанартай бүлэг вирусны нэр бөгөөд сүүлд Ухань хотоос илэрсэн шинэ вируст шууд оноосон нэр биш аж. Тийм учир энэхүү өвчинд албан ёсны нэр өгсөн гэж ДЭМБ-ийн дарга Тедрос Адханом тайлбарлав.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр “Уг нэрийг бодож олохдоо аль нэг улс үндэстэн, газар зүйн байршил зэргийг харгалзалгүйгээр өвчний ерөнхий шинж чанар болон өвчин гарсан цаг хугацаагаар нь нэрлэсэн. Энэ нь уг өвчин цаашид хийгдэх судалгаа шинжилгээнд бусад төрлийн өвчинтэй андуурагдахгүй байх давуу талтай” хэмээн онцоллоо.
Covid-19 нэр нь “corona”, “virus”, “disease” гэсэн үгнүүд болон халдвар анх илэрсэн 2019 оныг оролцуулсан үг юм байна.