
Онцгой байдлын шуурхай штабаас “Ковид-19” халдвартай холбогдуулан авч буй арга хэмжээний зохион байгуулалтын талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг хэлэхдээ "УОК-оос өгсөн үүргийн дагуу гадаадад байгаа иргэдээ эх орондоо татан авах ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улсаас 10836 иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Эдгээр иргэдийг бүс нутгаар нь хуваасан.
Маргааш МИАТ компани Улаанбаатар Истанбул чиглэлд нислэг хийнэ. 170 гаруй иргэнийг татан авна.
Мөн Улаан-Үд хотоос 200 гаруй иргэнийг энэ сарын 14-нд, Эрхүүгээс 200 орчим иргэнийг энэ сарын 15-нд татан авахаар төлөвлөөд байна. Зөвхөн бүртгүүлсэн иргэд Алтанбулаг боомтоор орж ирэх боломжтой. Өмнө нь тавьж байсан шаардлагууд болох шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байхыг шаардана.
Түүнчлэн Энэтхэг улс руу тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татахаар болсон. Зай хол учир тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирэх байх гэж төлөвлөж байна" гэж хэллээ.