
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотыг тойрон гарах 18.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын нээлт боллоо.
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Өлгий хотыг тойрон өнгөрөх 18.8 км авто замын ажлыг 3 багц гэрээгээр гүйцэтгэх юм. Зам, тээврийн хөгжлийн яам, гүйцэтгэгч “Эйч Кэ Би Интернейшнл Холдинг” ХХК, “Хотгор Зам” ХХК-тай 2020 оны 3 дугаар сард гэрээ байгуулсан.
Гэрээнд багц-1: 6.76 км авто зам, багц-2: 201.08 у/м төмөрбетон гүүр, 260 м зам, багц-3: 11.8 км авто замыг барьж 2020 онд дуусгахаар төлөвлөжээ.
Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн гол авто зам нь БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын боомт хүртэл 745.8 км урттай. Өлгий хотыг тойрон гарах энэхүү авто зам нь Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг гэдгээрээ чухал ач холбогдолтой юм.

Тус үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, УИХ-ын гишүүн Г.Солтан, Зам, тээврийн хөгжлийн Дэд сайд Л.Халтар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан зэрэг албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцлоо.
Эх сурвалж: ЗТХЯ