
ОБЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ.
"Тавдугаар сарын 15, 16-ны өдөр Төв, Хэнтий аймгийн нутгаар цасан шуурга шуурч, цаг агаарын гамшигт үзэгдэл болно. Энэ цасан шуурга 2008 оны 5-р сард болсон гамшигт үзэгдэлтэй маш төстэй. Тухайн үед 52 хүн амь эрсдэж, 324 мянган мал хорогдож, цахилгааны 100 гаруй шонгууд унаж, ноцтой хохирол учирсан. Тиймээс иргэд холын замд гарахгүй, цаг агаарын мэдээг сонсож ажил, байдлаа зохицуулахыг анхааруулж байна" гэж Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал хэллээ.
Мөн маргааш өдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 метр хүртэл ширүүсэн хүчтэй шороон шуурга шуурч, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна. Эдгээр аймгуудад цаг агаарын гамшигт үзэгдэл болох нь. Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутаг, Төв, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүртэл ширүүсэн, хүчтэй шороон шуурга шуурна. Энэ бол цаг агаарын аюултай үзэгдэл болно.
14-нөөс 15-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутаг, 16.17-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтий аймгийн нутгаар нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.