
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангуулахтай холбоотой арга хэмжээ авч ажиллахыг Хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албаныханд үүрэг болгож, Ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу стандартын шаардлага хангахгүй, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахуйц, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хашаануудад хяналт тавьж, засаж сайжруулах хугацаатай үүргийг өгсөн юм.
Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Хотын Захирагч С.Амарсайхан “Хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, гудамж талбайг эвдэж сүйтгэн барьж байгаа зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хашааг цэгцлэх ажил үргэлжилж байгаа. Энэ ажлыг 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө цэгцэлж дуусах ёстой, холбогдох байгууллагын дарга нар өөрсдөө гарч ажилла, асуудалд хойрго хандаж, хэлтсийн дарга, мэргэжилтнээ явуулчихаад өөрсдөө хойшоо сууж байгаа албан байгууллагын дарга нартай хариуцлага ярина гэдгийг сануулья” гээд энэ ажлыг улам эрчимжүүлэх зохион байгуулалтыг хийж ажиллахыг Хотын орлогч нарт болон холбогдох албаныханд онцгойлон анхаарууллаа.