
Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парад зургадугаар сарын 24-ний өдөр болно.
Өнгөрсөн сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой цахим уулзалт хийх үедээ Ялалтын баярын парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах санал тавьсан. Энэхүү саналыг манай улс баяртайгаар хүлээн авч, цэргийн алба хаагчдаа Москва руу илгээхээр болсон.
Тус парадад алхах манай цэргийн бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар цэргийн хүчний “Ил-76” онгоцоор Москва хотыг зорьжээ. Одоогоор тэд Москва хотын ойролцоох сувилалын газарт байрлаж, жагсаалын бэлтгэлээ хийж байгаа аж.
Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөгдөж байна.