
Манай улс цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж ,хөл хорио тогтоосон. Харин энэхүү хөл хорио сонгуулийн сурталчилгаа, усан оргилуурын нээлтэд хамаарахгүй зөвхөн бизнес эрхлэгч, энгийн ард иргэдэд л тавигдсан бололтой.
Саяхан л хүнд цаг үед нэгдэж чаддаг, хамгийн сайн дүрэм журмаа мөрддөг улс хэмээн тодорхойлогдож байсан бид сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш нэг ч дүрэм журмыг баримтлахгүй байгаа нь ажиглагдаж байна.
Тухайлбал, Кинотеатр, ресторан, паб, караоке зэрэг бүх үйлчилгээний газруудыг хааж, томоохон зах, худалдааны төвүүд, дэлгүүрийг оройны 22 цагаас хойш ажиллахгүй байхыг шаардаж, иргэдийг олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүхийг зөвлөсөн.
Энэхүү журмыг иргэд ч тэр, бизнес эрхлэгчид ч үг дуугүй л биелүүлж байгаа. Гэтэл өчигдөр хотын даргын санаачлан байгуулж буй Сүхбаатарын талбайн өмнөх хөгжимт усан оргилуурын туршилтын нээлтэд масктай, маскгүй хүмүүс үй олноороо бөөгнөрсөн харагдана. Нээлтээ хараахан хийгээгүй, зөвхөн туршилт явуулахад л хэдэн зуугаараа цугларч буй хүмүүс нээлтийн үйл ажиллагаан дээр ямар байх нь тодорхой. Нөгөө өглөө бүр “иргэн та олон нийтийн газраар явахдаа маскаа зүүж, шаардлагатай бол гэрээсээ битгий гараарай” гээд цагаан хоолойгоор анхааруулж буй зөвлөмжийг чухам хэн дагаж байна вэ ?
Эрүүл мэндийн яамнаас нам эвсэл, нэр дэвшигч, ухуулагч нарт хандан амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хоорондын зайгаа барих, уулзалт цуглааны үеэр талбайн 50 хувийг ашиглах, айлуудын хаалга тогшиж сурталчилгааны материал тараахгүй байх зэргийг зөвлөсөн.
Гэтэл нэр дэвшигчид дээрх зөвлөмжийг зөрчиж , уулзалт хийхдээ хүмүүстэй гар барин, үнсүүлж зогсоно. Нэг уулзалтад л доод талдаа 100-200 хүн цуглаж байгаа юм. Мөн ухуулагч нар хаалга тогшиж сурталчилгааны материал тараахдаа бээлий өмсөхгүй байна .
Нөгөөтэйгүүр уран бүтээлч, урлагийнхан нь дүрэм журмаа дагаж онлайнаар тоглолт зохион байгуулан УОК-д хандивлаж, бизнес эрхлэгчид нь дампуурахдаа тулсан ч шаардлагыг хүлээн авч ажлаа зогсоосоор байна. Тухайлбал, бизнес эрхлэгчид нэгдэн хөл хорио цуцлахыг шаардаж байгаагаа хэвлэлүүдэд мэдээлж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Тэдний 40-50 хувь нь өнөөдөр дампуурахдаа тулж, өр зээлээ төлж чадахгүй хүнд нөхцөлд ороод буйгаа илэрхийлсэн.
Энэ мэт сонгуулийн дүрэмгүй бужигнаан, усан оргилуурын маскгүй нээлт , хоосон кино театрууд, тэг зогсолттой түрээсийн бизнесүүд үргэлжилсээр байгаа учир хөл хорио тогтоосон энэ цаг үед хэн нь чухам дүрэм журмаа баримтлаад, хэн нь баримтлахгүй яваад байгааг холбогдох байгууллагууд анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэй.