
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хурал болов. Хуралдаанаар Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасах, Монгол Улсын аварга цолыг хураах шүүхийн шийдвэр гарлаа.
Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь Бүгд найрамдах Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал"-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.