
Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинаа 8,383,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 450,000 гурай хүн нас бараад байна. 4.3 сая хүн эдгэрсэн бол 3.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 131,000 хүн энэ өвчнөөр өвчилж, 5,000 гаруй хүн нас барлаа.
Бээжинд гарсан халдварын тархалт, өргөжих хандлагатай байна. Одоогийн байдлаар 158 хүн хүнсний захтай холбоотойгоор өвчилсөн гэж үзэж байгаа бөгөөд зургаан хүн хүнд хэлбэрээр өвчлөөд байгаа. Үүнтэй холбоотойгоор сүүлийн 14 хоногт Бээжингээс Макаод очсон хүмүүсийг тусгаарлаж эхэлсэн байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 7,843 хүн шинээр халдвар авсан. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл тогтвортой өссөн хандлагатай байгаа.
Улсын хэмжээнд өчигдөр 270 хүн ажиглалтад орж, 360 хүн ажиглалтаас гарсан. Сөүлийн онгоцоор өчигдөр 257 хүн ирснээс сэжигтэй 5 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан.
Тусгаарлалтад буй иргэдийн дунд 0-5 насны хүүхэд 64, жирэмсэн эх 28, архаг хууч өвчтэй 38 хүн байна" гэв.