
Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой ээлжит мэдээллийг хүргэж байна.
ДЭМБ–ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Зургадугаар сарын 21-ний өдрийн байдлаар есөн сая тохиолдол бүртгэгдэж, хагас сая хүн Ковид 19 цар тахлын улмаас нас барсан байна. Дэлхий хэмжээнд нас баралтын түвшин 5,3 хувьтай.
Шинэ тохиолдлын тоо Европын бүсэд хоногт 17 мянгаас 20 мянгаар өсч байна. Мөн Америк, Африк , Зүүн өмнөд Ази, Дундад Азид халдвар нэмэгджээ.
Зургадугаар сарын 21-нд Бээжинд 233 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүний биеийн байдал хүнд байна. Мөн нэг сувилагч халдвар авсан нь батлагдсан. Тус хотод нийт 2,3 сая хүн коронавирусийн шинжилгээнд хамрагджээ. Түүнчлэн зарим өвчний тусламж үйлчилгээ тасалдаад буй аж. Тухайлбал, даралт ихсэх өвчний тусламж үйлчилгээ 66 хувиар, чихрийн шижингийн тусламж үйлчилгээ 58 хувиар тасалджээ. Судалгаагаар дэлхийн хүмүүсийн 22 хувь нь архаг хууч өвчтэй учир халдвар тусах эрсдэл өндөр байгаа аж.