
Өнөөдөр “Сэргэлэн интернэйшнл экспедишн” ТББ-аас “Монголын нууц товчоо”-г “Алтан дэвтэр” нэрээр гарахаар болсноо мэдээллээ. Тодруулбал, тус ТББ нь “Монголын нууц товчоо”- ны галигуудыг шүүн нягталж, өнөө хүртэл маргаантай байгаа зарим хуучин үгсийг нь Хадан бичиг, 1000 жилийнх өмнөх Диван Лугат тольтой харьцуулан судалж “Алтан дэвтэр” нэрээр гаргахаар ажиллаж эхэлжээ.
Монголын нууц товчооны Хятад ханзыг латин галигт буулгасан эхийг крилл бичгээр шинээр хөрвүүлэн гаргах нь энэхүү ажлын нэг хэсэг аж. Гол нь Монголын нууц товчооны эхүүдийн үг, өгүүлбэрийг судлаачид өөрийн байдлаар тайлбарласан, зарим үгийг нь орхисон тохиолдлууд ажиглагдаж байна. Энэ нь Монголын нууц товчооны нэг ч үг, өгүүлбэрийг хөндөхгүйгээр сэргээн тайлбарлаж байгаагаараа онцлог гэдгийг хурлын үеэр мэдээлсэн. Мөн уг ном нь ирэх оны 10 сард хэвлэгдэн гарах юм байна.
“Монголын нууц товчоо”-г ямар учраас “Алтан дэвтэр” нэрээр гаргахаар болсноо “Сэргэлэн интернэйшнл экспедишн”ТББ –гийн тэргүүн С.Сэргэлэн тайлбарлахдаа “Бид Юань төрийн ордны хуучин ном бичиг, галигуудаас харахад “Алтан дэвтэр” гэсэн нэр ихэд тохиолддог. Мөн “Монгол төрийн хаадын ордонд нандигнан хадгалагдах номын нэр нь “Алтан дэвтэр” гэж Рашид аддин “Судрын чуулган” номд өгүүлдэг.
Сайн судалж үзвэл "Монголын нууц товчоо” гэх Ц.Дамдинсүрэнгийн өгсөн нэрний тухайд Ц.Дамдинсүрэн Юань төрийн ордны номын эх галиг дээр огт ажлаагүй тухай баримт бидэнд бий. Тэгэхээр Монголын нууц товчоо гэх нэр Ордны номд таарахгүй. Учир нь бичиж үлдээсэн зүйлийг товчоо гэж өгүүлэхгүй. Товчоо гэх үг нь богиносгох, хумих, жижгэрүүлэх гэх утга үгүй. Товч шилбийн товч нь дуудлага ойролцоо боловч өөр утга агуулна. Алтан дэвтрээ бүрэн сэргээсний дараа ахин үгээ хэлнэ” хэмээлээ.