
БНХАУ-ын эрх баригчдын төлөөлөлтэй холбоотой байж магадгүй тус улсын иргэд 2017 онд Дональд Трампыг АНУ-ын Ерөнхийлөгчид дахин сонгогдох компанит ажилд болон Бүгд Найрамдах намын бусад улс төрчдийг дэмжихэд хэдэн зуун мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн тухай "The Wall Street Journal" сонин мэдээлэв. Сонинд бичсэнээр бол “Trump Victory” (Трампын ялалт) сангийн дансанд Хятадын дөрвөн иргэнээс мөнгө орсон бөгөөд үүгээрээ тэд Бүгд найрамдах намын төлөөлөгчдийн хуралд оролцох урилга авч, улмаар Трамптай ойртох, магадгүй түүнд нөлөөлөх боломжийг олох гэж найдаж байжээ. Тус сангийн дансанд мөнгө шилжүүлсэн хүмүүсийн зарим нь БНХАУ-ын Аюулаас хамгаалах байгууллагын албан хаагчидтай, тэр дундаа цэргийнхэнтэй нягт холбоотой аж. “The Wall Street Journal”-ийн мэдээлж буйгаар эдгээр хүмүүс " хийсэн ажлынхаа үр дүнгийн талаар Хятадын томоохон улс төрчдөд тайлагнасан" тохиолдол гарсан байна. Тус сонинд бичсэнээр 2017 оны 5-р сард “Trump Victory” санд их хэмжээний хандив өгсөн гурван Хятад иргэн АНУ-д Бүгд Найрамдах Намын хорооны гишүүн Шон Стилийн зохион байгуулсан хаалттай уулзалтад оролцсон аж. Энэ талаар сонирхсон сонины асуултад Бүгд Найрамдах намын Үндэсний хороо улс төрийн үйл явцад “гадаадын хөндлөнгийн оролцооноос” урьдчилан сэргийлэх үүднээс Шин Стилийг Хятадын иргэдтэй харилцахаа зогсоохыг тушаасан хэмээн хариулжээ. Ингэхдээ тус нам дээрх сангийн дансанд шилжүүлсэн мөнгийг буцаан өгөх бодолгүй байгаа бөгөөд энэ нь сонгуулийн өмнөх компанит ажлыг санхүүжүүлэх журамд харшлахгүй гэдгээ онцолсон байна. Эл нийтлэлийг бичсэн сэтгүүлчид Хятадын дөрвөн иргэний зүгээс дээрх сангийн дансанд хийсэн шилжүүлгээс ямар нэгэн зөрчил илрүүлж чадаагүй гэдгийг “Wall Street Journal” тэмдэглэжээ. Түүнчлэн дээрх хандивын талаар Трамп өөрөө мэдэж байсан гэсэн нотолгоо байхгүй аж. Харин БНХАУ-ын иргэдийн зүгээс санхүүжилт байсан төдийгүй тэр нь Бүгд Найрамдахчуудын хаалттай уулзалтад хүртэл оролцох боломж олгосон бол хоёр улсын хоорондох худалдааны маргаан, цаашлаад цар тахлын улмаас энэхүү амжилт нь зогссон гэдгийг “Wall Street Journal” нотолж байна.