
Өнөөдөр хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Тодруулбал, 1987 онд НҮБ-ын ерөнхий Ассамблэй жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг хар тамхи мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг гаргажээ.
Энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор Нэгдсэн Үндэсний байгууллагын Хар тамхитай тэмцэх байгууллагаас уриалга гаргадаг.
Энэ жил “Better Knowledge for Batter Care буюу илүү их анхаарал, халамж тавихын тулд мэдлэг, мэдээллээ улам сайжруулья” сэдвийн хүрээнд явагдахаар зарлагдсан байна. Мөн Ковид-19 цар тахалтай холбогдуулан байгууллагын цахим сайт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан иргэдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэж байгаа аж.
Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээг ил болон далд хэлбэрээр суртачилсан агуулгатай дуу, кино, жүжиг зэрэг уран бүтээлүүдийг олон нийтийн сүлжээнээс хасах, техникийн хязгаарлалт хийлгэх, тухайн уран бүтээлчдээс дахин мансууруулах бодисыг сурталчилсан уран бүтээл туурвихгүй байх талаар зөвлөгөө өгөх, баталгаа авч, судалгаанд хамруулах арга хэмжээг авч байна.
Мөн мансууруулах бодисын гэмт хэргээс урьдчилан сэргийлсэн “Хасах 25”төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү төсөл нь 25 нас хүртэлх насны хүүхэд залуучуудын дунд мансууруулах бодисын ойлголт хандлага, хэрэглээний тархалтыг судлах судалгаанд суурилсан үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах зорилготой юм байна.
Сүүлийн жилүүдэд уг гэмт хэрэг нь өсөн нэмэгдэж, залуу үерүү нэвтрэх болжээ. Тухайлбал, ЦЕГ-аас өнгөрсөн онуудад хар тамхины хэрэглээгээр 18-35 насны залуус 80 хувийг эзэлж байна гэсэн тоо баримт гарсан. Мөн хар тамхины хэрэг нь хохирогчгүй, шууд холбогдогч, яллагдагчаар татдагаараа онцлог гэдгийг холбогдох байгууллагуудаас анхааруулжээ.
Иймд эцэг, эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж, ямар хүмүүстэй нөхөрлөж байгааг судлах нь чухал. Хүүхдүүд өөрийн мэдэлгүй хар тамхины хэрэглээнд орсон тохиолдолд шууд холбогдогч болохыг ойлгох хэрэгтэй.
Энэ ч утгаараа ЦЕГ-аас 2020 оны эхний хагас жилийн байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон долоон хүүхэд, тэдний эцэг эх, гэр бүлийн гишүүдэд хууль эрхзүй болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа учир идэвхтэйгээр хамрагдаж, үр хүүхдүүдээ хар тамхины гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.