
Гэр бүл ,хүүхэд,залуучуудын үндэсний газраас үндэсний баяр наадам зохион байгуулахтай холбоотойгоор хурдан морины хүүхдүүдэд тавигдах шаардлага, бүртгэлийн талаарх мэдээлэл хийлээ. Тус байгууллага нь жил бүрийн баяр наадмыг зохион байгуулах журмын дагуу хүүхдийн эрхийг дээдлэх, хурдан морины хүүхдийн аюулгүй байдлыг хангах, ажлыг зохион байгуулж ажилладаг.
Энэ жилийн хувьд хэрхэн бүртгүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун мэдээлэл өглөө. Тэрбээр “Уяачид унаач хүүхдүүдээ өөрийн биеэр бүртгүүлнэ. Мөн бүртгэл хийлгэхдээ төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын тодорхойлолт, эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, хамтарсан гэрээ, гэнэтийн ослын даатгалд хамрагдсан бичиг зэрэг материалуудыг бүрдүүлнэ. Мөн хурдан морины унаач хүүхдийн эрхийг хамгаалах, гэмтэж бэртэхээс сэргийлж гэнэтийн ослын даатгалын бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан дөрвөн компани ажиллаж байна.
Тодруулбал, Номин, Монгол, Миг, Бодь гэсэн дөрвөн даатгалын компани дээр очиж уяачид өөрсдийн унаач хүүхдээ даатгуулна. Мөн хөдөө орон нутагт уг дөрвөн даатгалын компаны төлөөллүүд ажиллах учир аймаг, сумын уяачид унаач хүүхдүүдээ заавал даатгалд хамруулах шаардлагыг тавьж байна. Хэрэв даатгуулаагүй, дээрх шаардлагуудыг хангахгүйгээр хүүхдүүдийг уралдаанд оруулбал уяачид зөрчлийн хариуцлага тооцож 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгоно. Хүүхдүүд гэнэтийн ослын даатгалд хамрагдсанаар нөхөн олговор 20 сая хүртэлхээр олгогдохоос гадна нэг жилийн хугацаанд өөр бусад гэмтэл бэртлийн үед нөхөн олговор бүрэн олгогдохоор тооцсон. Иймд уяачид унаач хүүхдүүдээ заавал гэнэтийн ослын даатгалд хамруулах хэрэгтэй” гэв. Бүртгэл энэ сарын 29 нээс 07 сарын 09 хүртэл явагдах аж.
Мөн цар тахлын үед маск зүүлгэх, гар ариутгал хийх, уралдаанд оролцохоос өмнө халууныг шалгах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллах нэмэлт шаардлагыг аймаг, сумдуудын уралдаанд хяналт тавьж ажиллана гэдгээ илэрхийллээ.