
Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн байгууллагуудын хангамж, чанарыг сайжруулах ажил эрчимтэй үргэлжилж байна.
Энэ хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрүүл мэндийн 34 байгууллага, тэр дундаа ЗӨСҮТ, малын гаралтай өвчин үүсэж буй аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө.

Нийтдээ 1,3 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн автомашиныг нийслэлийн эрүүл мэндийн 11 байгууллага , аймаг, сумдын 22 эрүүл мэндийн байгууллагад хандивлалаа.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарын удирдлагууд болон аймаг, сумдын эрүүл мэндийн төвийн тэргүүнүүд өөрсдийн талархлыг илэрхийллээ.

ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Бат –Эрдэнэ “Урин дулааны цаг ирсэнтэй холбоотойгоор мал амьтны зооноз өвчний дэгдэлт ихээр гарч буй. Энэ асуудлыг ЭМЯ, Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авч аймаг, сумдын Эрүүл мэндийн төвүүдийг автомашинаар хангаж буй талархаж байна” гэв.
Дархан–Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл “Бидний ажлыг үнэлж автомашинаар хангаж байгаад талархаж байна. Өмнөх жилүүдэд ч бидэнд автомашин өгч байсан.
Манай аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв Ковид-19 цар тахлын үед шинэ зохион байгуулалтаар ажиллаж байна. Бид аймгаас гадна сумдынхаа хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулах, аж ахуй нэгж албан байгууллагын ажилтнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллаж байна” гэлээ.

Сэлэнгэ аймгийн ЗӨСҮТ-ийн дарга Н.Эрдэнэ “Сэлэнгэ аймгийн хувьд цар тахлын үед эрүүл мэндийн хангамж, үйлчилгээ дутмаг байсан. Манай аймгийн ЗӨСҮТ бусад аймгийнхнаас бага ажилчидтай. Энэ асуудлыг цар тахлын үед илүү мэдэрлээ. Зарим үед эмнэлгийн тоног төхөөрөмж, автомашин хүрэлцэхгүй байх асуудал их тулгардаг. Өнөөдөр шийдэгдсэнд баяртай байна” хэмээлээ.