
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 24-25 жил хорих ял шийтгээд буй билээ. Тэднийг захиалгаар удаа дараа хүний амь бүрэлгэсэн гэж буруутгасан бөгөөд хаалттай шүүх хурлаар жирийн хүмүүсийг хэлмэгдүүлсэн хэмээн иргэд шүүхийн шийдвэрт эргэлзсээр байгаа. Тиймдээ ч цаад эзнийг нь буюу захиалагч нь хэн бэ гэдгийг шаардаж эхэлсэн.
Тэгвэл Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн тушаалаар захиалагчийг нь тогтоох хамтарсан ажлын хэсэг байгууллаа. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргээс захиалагчид холбогдох үйлдлийг нь тусгаарлан шалгаж буй гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалжууд батлаад “С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Хэрэгт нийслэлийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг ажлын хэсэгт үүрэг болгосон” гэв.
Түүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт мөрдөн байцаалт явуулах хамтарсан ажлын хэсэг байгуулсан байна. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн энэ ажлын хэсэгт багтсан аж.
Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат тэргүүтэй хүн нийлж, албан тушаалаа урвуулан Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулаад бондын хөрөнгөөс онц их хэмжээгээр завшсан нь мөрдөн байцаалтын явцад ил болоод буй билээ.