
Улсын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбацогтын бүрэн эрхийн хугацаа дуусаж он солигдохын өмнөхөн УИХ-аар түүнийг чөлөөлж, Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Амгаланбаатарыг томилсон билээ. Харин Нийслэлийн прокуророор Д.Баярмагнайг томилсон байна. Тэрбээр төдийлөн сайн танигдаагүй ч прокурорын байгууллагад олон жил ажиллаж буй, Ерөнхий прокурорын шадар туслахаас эхлээд аймаг, дүүрэгт хяналтын прокурор зэрэг албан тушаал хашиж явсан нэгэн гэнэ.
Мөн ЦЕГ-ын дарга Р.Чингис өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөн, оронд нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ажиллаж байсан Ө.Энхтөр суудлыг нь авсан. Түүний оронд АТГ-т ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Э.Идэрцогийг томилжээ.
Тэрбээр ЦЕГ-т ахлах мэргэжилтэн болохоосоо өмнө МБГ-ын дэд дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дэд дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсны зэрэгцээ онц хүнд, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон ажлын хэсгийг ахалж, шалгаж байсан туршлагатай нэгэн.