
Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амийг бүрэлгэхэд оролцож, улмаар гэртээ шатаж нас барсан гэх Б.Отгонбаатарын эгч Б.Хишгээг Улаанбаатар хотод хэдэн цаг саатахад нь уулзлаа. Уг хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм бурууг шүүх хэлэлцэж, ял оноосон.
Гэвч Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан 2016 оны төгсгөлд УИХ-ын чуулганы хуралдааны үеэр гишүүдэд уг хэргийг гурав бус, дөрвөн хүн үйлдсэн гэх мэдээлэл өгсөн юм. Харамсалтай нь, дөрөвдөгч этгээд Б.Отгонбаатар эхнэр, хүүхдүүдийн хамт галд өртөж, амиа алдсан байдаг. Түүнийг үйлдсэн хэргийнхээ талаар бусдад хэлэх гэж байсан учир гэрийг нь галдан шатааж, санаатай хөнөөсөн гэдгийг Ц.Амгаланбаатар мэдүүлсэн юм. Б.Хишгээ уг хэрэгт хохирогчоор тооцогдон, гэрчийн мэдүүлэг өгсөн билээ.
-С.Зориг агсныг хөнөөхөд таны дүүг оролцсон гэж буй. Энэ үнэн үү?
-Жил гаруйн өмнө Тагнуулын ерөнхий газраас бидэнд “Дүү чинь золгүй тохиолдлоор амиа алдаагүй. Хэсэг хүн санаатай хөнөөсөн нь тогтоогдсон. Галдан шатаасан хүмүүс нь хэргээ хүлээсэн. Дүү чинь том хэрэгт холбоотой байж” гэж мэдэгдсэн. Хэн, ямар учраас гэр бүлээр нь хөнөөсөн байх вэ, том хэрэг гэдэг нь юу юм бол гэж бодогдоод, хуулийн байгууллагаас дэлгэрүүлэхийг хүссэн л дээ. Хулгай, дээрэм гээд бусдад муу зүйл хийсэн юм биш байгаа даа гэж ч хардсан.
Гэтэл дүүг минь С.Зоригийн аминд хүрсэн хүмүүсийн нэг гэх нь тэр. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэх гурван хүнтэй холбоотой гэдгийг тэгэхэд л мэдсэн. Энэ гурван хүн хаана амьдарч, юу хийдэг болохыг нь мэдээгүй. Сүүлд Б.Содномдаржаагийн хочийг хэлэхэд л дүүгийнхээ найз гэдгийг нь мэдсэн. Б.Содномдаржааг “Жалзуухай” гэж дууддаг юм.
Энэ мэдээг сонсчихоод “Жалзуухай”-г найзыгаа хөнөөсөн гэхэд нь үнэхээр гайхсан. Хуулийн байгууллага баримт олсон юм бол үнэн юм байна гэсэн бодлоор шүүх хурлыг хүлээсэн. Гэтэл шүүх хурлын дараа байдал өөрчлөгдөж, дүү минь хэрэгтэн болчихлоо. Бид Б.Содномдаржааг багаас нь мэднэ. Тэд нэг дор амьдарч, хамт тоглож өссөн шүү дээ. Харин Ц.Амгаланбаатарыг шүүх хурал дээр хараад л багынх нь төрхийг санасан. Т.Чимгээг огт харж байгаагүй.
-Танай дүүг С.Зоригийг хөнөөх сэдэлтэй хүний бие хамгаалагч байсан гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан.
-Дүү минь огт тийм ажил хийж байгаагүй. Би энэ тухай мэдээд сар орчим л болж байна. Шүүх хурлын үеэр ч бидэнд энэ тухай хэлээгүй. Миний дүү 1997 онд цэрэгт яваад 1998 оны зургадугаар сард гэртээ ирсэн. 20 настай байсан шүү дээ, тэр үед.
Айлын бага хүүхэд учраас хэдий 20 настай ч нялхаараа сэтгэхүйтэй, цэргээс халагдаж ирээд ээжийнхээ өвөрт унтдаг байсан. Сурагч байхаасаа эхлээд эхнэртэйгээ найзалсан болохоор тэр намраа өрх тусгаарлаж, 1999 онд анхныхаа хүүхдийг өлгийдөж авсан юм. С.Зориг агсныг нас барлаа гэх мэдээ зурагтаар гарч байхад миний дүү Эрдэнэтэд байсан. Эхнэр нь бие давхар болохоор дэргэдээс нь холддоггүй байлаа.
Миний дүү Улаанбаатар хотод ганц л удаа ирсэн. Тэр нь бүр хожим, 2000 оны эхээр санагдаж байна. Тухайн үед миний дүү арьс, нэхийний наймаа хийдэг байсан юм. Хотод ирээд, газар мэдэхгүй төөрсөн тухайгаа бидэнд хэлж л байсан. Тийм хүн шунахайн сэдлээр хүний амь хөнөөсөн байж таарах уу. Төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан хэн ч гэр хорооллын эцсийн буудал дээр зогсож нэхий авч, дугуй засвар ажиллуулдаг дүүд минь амь насаа даатгана гэж юу байх вэ дээ.
Хэзээ ч хамгаалагч хийж байгаагүй гэдгийг нь би баттай хэлнэ. Хэн, ямар зорилгоор ийм худал цуу тараасныг бүү мэд, маш их гайхаж байна. Эрдэнэтийн төв рүү ч цөөхөн очсон дүүг минь ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Нас бараад 10 орчим жил болж буй хүмүүсийн ясыг өндөлзүүлэх хэрэг байна уу. Холбогдох хүмүүс нь одоо дуугараасай л гэж бодож байна.
-Дүүгийн тань гэр цахилгааны гэмтлээс болж шатсан гэсэн дүгнэлтийг харсан. Гэтэл холбогдох албаныхан үүнийг санаатай үйлдэл гэсэн. Нотлох баримтаа та бүхэнд танилцуулсан уу?
-Би шүүх хуралд хохирогчоор оролцсон. Гэхдээ тухайн үед дүүгийн минь талаар бараг л дурсаагүй. Ц.Амгаланбаатар нартай ямар сэжүүрээр холбогдсоныг ч хурлын үеэр танилцуулаагүй. Тагнуулынхан ямар баримт байгаагаа хэлээгүй. Шүүх хурлын үеэр Ц.Амгаланбаатар “Бид гурав шатаасан. Шатахуун цацаад, гал тавьсан” гэж хэлж байсан.
Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар “Ийм хэрэг үйлдээгүй” гэж ярьсан. Шүүх хурал нууцын зэрэглэлтэй, хаалттай болсон учир тэнд болсон явдлыг ярьж болохгүй гэсэн бичигт надаар гарын үсэг зуруулсан. Тиймээс хурлын үеэр юу ярьсныг дэлгэрүүлэх боломжгүй.
-Тэгэхээр талийгаачийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт санаатай хөнөөсөн гэдэгт эргэлзэж байгаа гэсэн үг үү?
-Тийм. Би үүнийгээ шүүх хурлын үеэр хэлсэн. Гомдолгүй гэдгээ ч уламжилсан. Ер нь бол 2007 оны нэгдүгээр сарын 12-нд гаргасан “Гал түймэр гарсан тухай нотломж”-оос өөр зүйл байхгүй. Ямар баримт дээр тулгуурлаж, дүүг минь гэр бүлийнх нь хамт шатаасан гээд байгаагаа хуулийн байгууллага мэдэгдээгүй. Одоогоор Ц.Амгаланбаатарын “Бид шатаасан” гэх мэдүүлгээс өөр баримт алга шүү дээ. Тэгээд ч шүүх хурал үнэхээр гайхмаар болсон.
Уг нь биднийг бага байхад “С.Зоригийг улс төрийн явуулгаар хөнөөсөн” гэдэг байсан шүү дээ. Гэтэл одоо зүгээр л ахуйн хүрээний аллага болчихсон байна. Шунахайн сэдэлтэй шүү. Тэр үед мөнгөтэй хүн Эрдэнэтэд ч олон байсан. Яагаад заавал Улаанбаатарт ирж С.Зоригийг хөнөөнө гэж. Гадуур гараад байгаа “Мөнгө авч С.Зоригийг егүүтгэсэн” гэдэг үнэн бол дүү минь эгч, ах нараасаа тусламж авч амьдрахгүй л байсан болов уу.
“Уг хэргийг захиалагчтай гэсэн. Тэр хүн нь хэн бэ. Хэлээд өгөөч” гэж шүүх хурлын үеэр асуухад захиалагчгүй гэх зүйл хэлж байсан. Гэтэл дараа нь захиалагчтай, түүнийг нь тодруулах гэж байна л гэх боллоо.
-2007 онд гарсан галын дүгнэлтийг та бүхэн зөвшөөрсөн биз дээ?
-Дөрвөн хүнээ алдчихсан хүмүүс цахилгаан ашиглалтын буруугаас гарсан осол гэх дүгнэлтийг “Өө тэгж үү” гээд орхихгүй нь мэдээж. Үнэн, эсэхийг нь тодруулж, ямар байгууллага шалгасныг нь лавласан. Тэгээд дахин шалгуулах хүсэлт ч гаргаж байсан. Тэгэхэд шалгалт хийсэн бүх байгууллага “Цахилгааны гэмтлээс үүдэлтэй” гэсэн хариу л өгсөн байдаг. Улаанбаатараас ч холбогдох албаны хүмүүс очиж шалгасан талаар тухайн үеийн Онцгой байдлын хэлтсийн дарга хэлж байв.
Гэтэл яагаад гэнэт санаатай хэрэг болчихов. Тэгэхээр тухайн үед уг дүгнэлтийг гаргасан хүмүүс алдаа хийсэн байж таарах уу. Ийм мэдээ цацсан Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас баримт, нотолгоогоо гаргаж тавиач гэж хүсмээр байна. Эрдэнэтийнхээ төв рүү цөөхөн очиж үзсэн дүүг минь хэрэгт холбогдуулж байгаа шалтгаанаа тодруулах ёстой шүү дээ.
-Та дээр Ц.Амгаланбаатарын багын төрхийг цухас санасан гэж дурдсан. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Би түүнийг зүс мэднэ. Багадаа нус нь гоожсон, доожоо муутай хүү байсан. Хүмүүсийн ярьж байгаагаар тэр найз нөхөдгүй. Б.Содномдаржаа, Т.Чимгээ болон дүүгээс минь өөр найзгүй гэж ойлгож байгаа. Багадаа тоглож өссөн болохоороо эдний ар гэр болон өөрийг нь сайн мэддэг учраас зохион байгуулалттай гүтгэж байна.
-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэр бүлийнхэн давж заалдана гэж байсан.
-Тэгэх байх. Гэхдээ би тэр хуралд оролцмооргүй байна. Тэгээд ч дүүгийнхээ талаар ахин дахин ярих хэцүү. Шүүх хурлаас хойш ээжийн минь бие муудаж, гурван ч удаа эмнэлэгт хэвтлээ. Нас бараад 10 жил болж буй хүнийг хилс хэрэгт хутгаж, ар гэрийнхнийг нь зовоох ёс зүй байна гэж бодохоор хэцүү юм. Энэ явдлаас болж өчнөөн сар наашаа, цаашаа явлаа. Өмгөөлөгч авлаа. Өнөөдөр (өчигдөр) ч бас л энэ асуудлаар Улаанбаатарт ирлээ шүү дээ.