
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Тавантолгойн нүүрсний уурхайн ойролцоо дахин газар хөдөллөө. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр тус уурхайгаас зүүн хойш таван км-ийн зайтай 1.5-3.7 магнитут буюу голомтдоо 2-5 баллын хүчтэй газар хөдөлж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн талаар бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 2-ны 22.18 цагт голомтдоо 3.8 баллын хүчтэй хөдлөв. 2-3-нд шилжих шөнө 15, 3-ны өдөр нь газар хоёр удаа шилгээсэн байна.
Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлээс тодруулахад “Голомтдоо 3.7-3.8 магнитутын хүчтэй газар хөдөллөө. Уг чичирхийлэл хүнд мэдрэгдсэн гэсэн үг. Баасан гаригт манай судалгааны тандалтын хэсэг Өмнөговь аймаг руу явсан. Үүний дараа шалтгааныг нь тогтооно” гэв.
Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд газар ийм хүчтэй хөдөлж байгаагүй. 1903 оны хоёрдугаар сарын 1-нд тус аймгийн нутаг, Үнэгтэйд 7.5, 1960 оны арванхоёрдугаар сарын 3-нд Буурын хяр гэх газар 6.7 магнитутын хүчтэй хөдөлж байсан талаар түүхэнд тэмдэглэжээ. Дээрх хоёр газар Цогтцэций дэх голомтоос зүүн хойш 100 км-ийн зайтай. Тиймээс удаа дараа газар хөдөлж буйг хүний хүчин зүйлээс болсон байж болзошгүй гэж үзэх судлаач бий. Тус хэсэгт геологийн хагарлын хавтан байдаг аж.
Цогтцэций суманд ажиллаж буй, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Баярсайхантай холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.
-Тавантолгойн уурхай орчимд өнгөрсөн пүрэв гаригаас хойш газар 17 удаа чичирхийлжээ. Одоо (өчигдөр 13.00 цаг) байдал ямар байна вэ?
-Биднийг ирснээс хойш газар хөдөлсөнгүй, байдал хэвийн байна. Хэмжих төхөөрөмжөө байрлуулж, тандалт хийхээр ажиллаж байна.
-Станцуудаа хаана байрлуулж байгаа вэ?
-Уурхайгаас 700 метрийн зайд газар хөдөлсөн. Тэнд хоёр станц байрлууллаа. Мөн газар хөдөлсөн голомтын 20 км-ийн радиуст хөдөлгөөн хэмжих төхөөрөмжөө суурилуулж байна.
-Тандалтын хариу хэзээ гарах вэ?
-Станцуудын мэдээллийг Улаанбаатар хот руу явуулна. Үүний дараа бүрэлдэхүүн ажиллаж, хариуг нь гаргана. 2-3 хоног шаардах болов уу.